Тайваньд энэ сарын эхээр 100 сая ам.долларын зэвсэг худалдсан АНУ-ын батлан хамгаалахын гэрээт хоёр компанид БНХАУ-д хориг арга хэмжээ авчээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин өнөөдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, Бээжингийн эрх баригчид АНУ-ын “Raytheon Technologies” болон “Lockheed Martin” компаниудад хориг арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна.
Эдгээр компаниуд нь "АНУ-ын батлан хамгаалах ажиллагаанд удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн цэргийн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд" гэж Чүнин мэдэгджээ.
Тэрбээр "Хятадын газар нутагт зөвшөөрөлгүй зэвсэг борлуулсан тул эдгээр компаниудад хориг арга хэмжээ авлаа" хэмээн тайлбарлажээ. Мөн тэрбээр "Нэг Хятадын зарчим болон Хятад-Америкийн хамтарсан мэдэгдэлд заасан заалтуудыг даган мөрдөж, Тайваньд зэвсэг худалдах үйлдлээ зогсоохыг АНУ-ын засгийн газарт болон холбогдох талуудад дахин уриалж байна" гэж онцолсон байна. Түүнчлэн "Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлоо тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно" гэдгийг нэмж хэлжээ.
Мөн Украин улсад үүсээд байгаа дайны нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ хориг арга хэмжээ асуудлыг шийдвэрлэх зөв шийдэл биш гэдгийг тэрбээр мэдэгдэлдээ онцолсон байна. Харин дипломат аргаар яриа хэлэлцээ эхлүүлэх нь хамгийн үр дүнтэй шийдэл гэдгийг онцлоод, Украин улсын бүрэн эрхт аюулгүй байдлыг бусад улс орнууд хүндэтгэн үзэх ёстой гэх байр суурийг БНХАУ-ын тал баримталж байгааг тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн Хятад улс энхийн замаар асуудлыг шийдвэрлэх аливаа оролдлого бүрийг сайшаана гэдгийг цохон тэмдэглэжээ.