SWIFT буюу олон улсын төлбөр тооцооны системээс гаргах шийдвэрийг өрнөдийн улс орнууд гаргаад байгаа. Тэгвэл дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг нь холбогдох хууль эрхзүйн захирамж гарсны дараа ОХУ-ын томоохон банкуудын эсрэг өрнөдийн орнуудын гаргасан дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар Ройтерс агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.
Эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах шийдвэрийг АНУ, Франц, Канад, Итали, Их Британи, Герман, Япон, Европын холбооны удирдлагууд гаргасан байна. Барууны орнууд Оросын банкуудыг SWIFT -ээс хасахаас гадна, рублийн ханшийг олон улсын санхүүгийн гүйлгээгээр дэмжих ОХУ-ын Төв банкны боломжийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Газрын тос, байгалийн хий экспортлогч ОХУ-ын гадаад худалдаа SWIFT системээс бүрэн хамааралтай байдаг тул дээрх эдийн засгийн багц хориг арга хэмжээ нь тус улсын санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй хямрал руу хөтөлнө гэж шинжээчид үзэж байгаа юм. SWIFT систем нь олон улс дамнасан төлбөр тооцоог найдвартай, түргэн шуурхай гүйцэтгэдэг. Одоогоор олон улсын дийлэнх банк уг системийг гадаад төлбөр тооцоондоо ашигладаг тул оросын эрх баригчдад хориг арга хэмжээнүүд томоохон цохилт болж байгаа, цаашдаа ч болсоор байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн гадаад худалдааны төлбөр тооцоогоо ОХУ-аар дамжуулан хийдэг Монгол улсын хувьд ч уг хориг нь үлэмж хэмжээгээр нөлөөлнө гэж ОУ-ын санхүүгийн судалгааны байгууллагаас гаргасан мэдэгдэлд дурджээ.