Өнгөрсөн ням гарагт олон улсын санхүүгийн үйлчилгээний “VISA” болон “MASTERCARD” компаниуд ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлажээ. Энэ нь Украины хямралын улмаас үүдэн өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотой шийдвэр гэж эдгээр компанийн удирдлагууд тайлбарласан байна.
Ийнхүү ОХУ-ын нутаг дэвсгэрт хэвлэгдсэн төлбөрийн картууд гадаад улс орнуудад ашиглагдах боломжгүй болжээ. Мөн гадаадад хэвлэгдсэн картуудыг ч ОХУ-д ашиглах боломжгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор ням гарагт Оросын хэд хэдэн банк Хятадын Unionpay төлбөрийн картын сүлжээ рүү шилжиж байгаагаа зарлажээ. Тухайлбал Сбербанк, Альфа банк зэрэг Оросын томоохон банкууд ийм шийдвэр гаргаж байгаагаа зарласан байна.
Шанхайд төвтэй UNIONPAY төлбөрийн систем нь 2002 онд бий болж, 2005 онд олон улсын статустай болсон юм. Өнөөдөр тус байгууллага дэлхийн 180 гаруй улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.