Түргэн хоолны томоохон сүлжээ ресторанууд, хийжүүлсэн ус, ундаа үйлдвэрлэгчид ОХУ-ын зах зээлээс гарч байна

Украины хямралтай холбоотой өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хоригт олон улсын томоохон компаниуд нэгдсээр байна.  Тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын томоохон сүлжээ ресторанууд, хийжүүлсэн ус, ундаа үйлдвэрлэгч компаниуд үйл ажиллагаагаа зогсоож байгаа гэдгээ өчигдөр мэдэгдсэн байна. 

Mcdonald’s, Starbucks компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бүх салбараа түр хугацаагаар хааж байгааг өчигдөр зарлажээ. Мөн Coca Cola, Pepsi компаниуд Орос дахь үйл ажиллагаа, борлуулалтаа зогсоож байгааг мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ рестораны удирдлагууд Орос дахь 62 мянган ажилтандаа цалинг нь тасалдуулалгүй өгнө гэдгээ мэдэгдэлдээ онцолжээ.

Дээрх компаниудаас гадна өчигдөр Их Британид төвтэй эрчим хүчний томоохон компани “Shell” мөн ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсоож байгаагаа зарласан байна. Оросыг эдийн засгийн хувьд дэлхийн тавцанд ганцаардуулах зорилготой өрнөдийн хориг арга хэмжээнүүд зарим түүхий эдийн үнэ ханшийг огцом өсгөөд байгааг Олон улсын хөрөнгийн биржийн эдийн засагчид мэдэгджээ.