ЕБС-ууд өнгөрсөн хугацаанд охидод нөхөн үржихүйн эрхтэн системийн өвчлөл байгаа эсэхийг шинжлэх бус зөвхөн тухайн хүүхдийг бэлгийн харьцаанд орсон эсэхийг шалгах үзлэг буюу Virginity Test-ийг хийж иржээ. Гэхдээ ЕБС үүнийг хийх эрхтэй байгууллага мөн үү, сургуулийн орчин хүний эрүүл мэндтэй холбоотой үзлэг хийх ёстой газар мөн үү гэх асуулт гарч ирнэ.
“Үзлэгийн өмнө охидод огт мэдээлэл өгдөггүй. Зүгээр л багш ор гэдэг”.
“Охидын үзлэг боллоо гэхэд сургууль ямарч хамаагүй сул өрөөгөө гаргаж өгдөг. Манай сургууль дээр багш нарын хурал хийдэг өрөөнд хөшиг татаж байгаад бид нарыг үзлэгт оруулдаг”.
Нийслэлийн болон 5 аймгийн 7-12 дугаар ангийн 370 гаруй охидын дунд “Young Voices” ТББ-аас хийсэн судалгаанд охид дээрх байдлаар хариулжээ. Охидын үзлэгийг ямар зорилгоор үзлэг хийдэг вэ гэх асуултад дийлэнх хувь нь бэлгийн харилцаанд орсон эсвэл жирэмсэн эсэхийг шалгах, охидыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэж хариулжээ. Мөн охидын үзлэгт ороход ямар мэдрэмж төрдөг вэ гэхэд 58 хувь нь ичиж санаа зовдог гэсэн байна.
Уг нь 2021 онд улсын хэмжээнд бүх ЕБС-уудад охидын үзлэгийг сургуулийн буюу зориулалтын бус орчинд хийлгэхгүй байх чиглэл, зөвлөмжийг өгсөн байдаг. Гэвч орон нутагт өнөөг хүртэл охидын үзлэг хийсэн тохиолдол ч бий. 2021 оны байдлаар “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-д 10 газраас охидын үзлэгтэй холбоотой гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Өсвөр насныханд нөхөн үржихүйн асуудлаар урьдчилан сэргийлэх нь зөв. Гэхдээ тэр нь зориулалтын бус орчинд хүүхдийг хүчлэх бус өөрийнх нь болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлтэйгөөр эмнэлгийн орчинд хийх нь зүйтэй. Ямартаа ч сургууль бол эмнэлэг биш. Бид энэ сэдвээр үргэлжлүүлэн мэдээлэх болно.