АНУ-д генийн хувьд хувиргасан гахайн зүрх шилжүүлэн суулгасан дэлхийн анхны өвчтөн мэс засал хийлгэснээс хоёр сарын дараа нас баржээ. Уг мэс заслыг хийсэн Мэриленд муж улсын их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны төвийн цахим хуудсанд мэдээлснээр, генийн хувьд өөрчлөлттэй гахайн зүрхийг шилжүүлэн суулгуулсан анхны хүний хувиар түүхэнд бичигдсэн зүрхний эдгэшгүй өвчтэй Дэвид Беннет гуравдугаар сарын 8-нд нас барсан байна.
57 настай Беннетийн бие гуравдугаар сарын 8-наас хэд хоногийн өмнө муудаж эхэлжээ. Эмч нар түүний нас барсан шалтгааныг хэлээгүй байна. Эрүүл мэндийн төвөөс мэдээлснээр, мэс засал хийлгэсний дараа зүрх хоёр сарын турш хэвийн ажиллаж байжээ.
Беннетт зүрхний хүнд өвчтэй байсан бөгөөд АНУ-ын шилжүүлэн суулгах хэд хэдэн томоохон төвүүд түүнд уламжлалт мэс засал хийхээс татгалзсан хариу өгч байсан юм. Харин туршилтын тэрхүү мэс засал нь амьдралынх нь сүүлчийн боломж байжээ. Эмч нар энэ оны нэгдүгээр сарын 7-нд генийн хувьд өөрчилсөн гахайн зүрхийг түүнд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.
АНУ-ын засгийн газрын мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар тус улсад 110 мянга орчим хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ээлжээ хүлээж байна. Мөн жил бүр 6 мянга орчим өвчтөн мэс заслаа хүлээж чадалгүй нас бардаг ажээ. Хэдийгээр Дэвид Беннет-д хийсэн мэс засал нь олон мянган хүний амь насыг аврах боломжтой боловч шилжүүлэн суулгасан эд эрхтнийг бие организм нь хүлээж авахгүй байх зэргээр өвчтөнийг үхэлд хүргэж болзошгүй эрсдэлтэй байдаг байна.