Дайн эхэлснээс хойших хохирлын хэмжээг Орос, Украины талууд мэдээллээ

Ням гарагт Украин, Оросын талууд дайн эхэлснээс хойших хохирлын хэмжээгээ мэдээлжээ. Энэ талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “CNN” сувагт ярилцлага өгөхдөө 2-р сарын 24-өөс хойш тус улсын 3000 орчим цэрэг амиа алдаж, 10.000 орчим цэрэг шархадсан гэжээ. 

Харин өнгөрсөн сард Кремлийн эрх баригчид “Украинд явуулж буй “Цэргийн тусгай ажиллагааны” үеэр 1300 гаруй цэрэг амиа алдаж, 5000 орчим цэрэг шархадсан” гэж мэдээлж байсан юм. Тэгвэл Украины төрийн тэргүүн Оросын талаас 20 мянга орчим цэрэг энэхүү дайнд амь эрсэдсэн гэж мэдээлсэн байна.

Үүнтэй холбогдуулан өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яам Зеленськигийн энэхүү мэдэгдлийг няцаажээ. Батлах хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “Дайн эхэлснээс хойш Украины зэвсэгт хүчин, сайн дурын цэргүүд нийлээд 23 мянга орчим хүнээ алдсан” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр дээрх хугацаанд Оросын 1500 орчим цэрэг амиа алдаж,  6000 орчим цэрэг шархадсан талаар мэдэгдэлдээ дурджээ. 

Үүнээс гадна өнгөрсөн 7 хоногт Украины тал Оросын Хар тэнгисийн флотын хамгийн том хөлөг онгоц “Москва”-г пуужингаар бөмбөгдөн живүүлсэн юм. Харин уг хөлөг онгоцонд явсан 500 орчим усан цэргийг Оросын тал ослын газраас нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон талаар Игорь Конашеков мэдэгджээ.