Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс Монгол Улсын хүн амын дунд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг орон даяар эхлүүллээ. Жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнд манай улс эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн дата сантай болох юм байна.

Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. ЭМДС-аас урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр зохион байгуулсан. Багцын шинжилгээ 60-150 мянган төгрөгийн өртөгтэй. Насны ангиллаар хамааран багц бүр харилцан адилгүй байгаа юм. Эхний ээлжинд манай улсад зонхилон тэргүүлж буй зүрх судас, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах болон нас барж буй өвчлөлийн шалтгаан руу чиглэсэн багц гаргасан байна. 17 хүртэлх насны багцад зан төрхийн өөрчлөлт, амны хөндий, өсөлт, биеийн жингийн үзүүлэлт, 18-аас дээш насанд 19 төрлийн шинжилгээг багтаасан. Мөн хавдрыг илрүүлэх зорилгоор багцад оруулсан байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амын өвчин эмгэгийг илрүүлэх арга хэмжээ юм. 

Журмын дагуу зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулж байна. 17 хүртэлх насны иргэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сум болон өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх бол 18-аас дээш насны иргэдийг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхээр зохицуулалт хийжээ. Иргэдэд энэ талын мэдээллийг хүргэхээр үрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа ба үзлэг оношилгооны талаар мэдээллийг иргэдэд утсаар мэдээлэх юм.

2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн боловч иргэдийн идэвх сул байжээ,  Тиймээс өргөн цар хүрээнд бүх иргэнийг хамруулахаар журам тогтоолыг өөрчилсөн байна. Энэ хүрээнд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд зохих бэлтгэл ажлыг хангажээ. Манай улсад нийт өвчлөлийн статистик тоо дутагдалтай байдаг. Тиймээс иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн маш том дататай болно.