Энэтхэгт улсад түүхэндээ байгаагүй хэт халалт үргэлжилж байна

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 1 тэрбум гаруй хүн амьдарч буй Энэтхэгийн хойгт агаарын хэм түүхэндээ байгаагүй дээд түвшинд хүрч халаад байна. Энэтхэгийн баруун хойд болон төвийн бүс нутагт өнгөрсөн ням гарагт цельсийн 49 хэмд хүрсэн нь 4-р сард дэлхий даяар бүртгэгдсэн хамгийн халуун өдөр болж түүхэнд тэмдэглэгджээ.

Агаарын хэт халалтын улмаас үр тариа, жимс, хүнсний ногооны ургац огцом буурах төлөвтэй байна. Энэтхэгийн зарим нутагт ургацын хэмжээ 50 хүртэл хувиар буурсныг тус улсын цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Украины дайнтай холбоотойгоор дэлхий дахинд хүнсний хомсдол үүсээд байгаа цаг үед энэ нь маш муу мэдээ болж байна. Мөн хэт халсан бүс нутгуудад усны хомсдол, цахилгаан эрчим хүчний ноцтой хомсдол үүсжээ. Зарим бүс нутагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн нь айл өрхүүд агааржуулагч, сэнс их ашиглах болсонтой холбоотой гэж мэдээлж байна.

Агаарын температур цельсийн 40 градусаас давсан тохиолдолд хэт халалтад тооцдог байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Энэтхэгийн Биканер хотод цельсийн 49,1  градус хүрч халсан нь тус улсын хувьд хамгийн халуун цэг болжээ. Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл энэтхэгийн баруун хойд хэсгийн зарим нутагт газрын гадарга дээр цельсийн 60 градус давж халсан байна.