Жо Байден Украинд зэвсэг нийлүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ

Киевт цэргийн тусламж үзүүлэх ажлыг хялбарчлах үүднээс АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд “Ленд-Лийз”-ийн гэрээгээр зэвсэг нийлүүлэх тухай хуульд өнөөдөр гарын үсэг зурлаа. "Украины ардчиллыг хамгаалах 2022 оны хууль" нэртэй уг баримт бичгийг ОХУ Украин руу довтолж эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард конгресст өргөн барьжээ.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Украинд зэвсэг нийлүүлэх тухай хуулийн төслийг энэ сарын 3-ны өдөр олонхын саналаар баталсан байна. Уг хуулийн төсөлд зааснаар АНУ-ын ерөнхийлөгч "Украины батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, энгийн иргэдийг ОХУ-ын болзошгүй халдлага эсвэл тус улсын зүгээс үргэлжилж буй түрэмгийллээс хамгаалахад туслах зорилгоор ОХУ-ын Укриан руу хийсэн довтолгооны улмаас хохирсон Зүүн Европын бусад оронд батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг зээлээр олгох, түрээслэхийг засгийн газарт зөвшөөрч болно" хэмээжээ.

Уг хуулийн төсөл нь дэлхийн II дайны үед АНУ-ын эрх баригчид холбоотнууддаа зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, хоол хүнсийг урт хугацаагаар хойшлуулсан, урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлж байсан Ленд-Лийзийн тухай хуультай адил хэрэгжих юм байна. Дэлхийн II дайны үед АНУ-аас ийм төрлийн тусламжийг гол хүлээн авагчдын нэг нь Зөвлөлт холбоот улс байсан юм.