В.Путин ялалтын баярын илтгэлдээ өрнөдийн улсуудыг буруутгав

Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германыг ялсны 77 жилийн ойн арга хэмжээ өчигдөр Москва хотноо болж өнгөрсөн. Уг түүхэн ойн арга хэмжээний үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Өрнөдийн улсууд Орос улсад түрэмгийллээ эхлүүлэх гэж байсан” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр илтгэлдээ Донбасс, Луганскийн бүс нутагт буй цэргүүд, сайн дурынхныг “Эх орныхоо, ирээдүйнхээ төлөө тулалдагсад” хэмээн магтжээ. Мөн Орос, Украин хүмүүс нэг цустай, нэг ард түмэн гэсэн санаагаа илэрхийлжээ.

В.Путин үргэлжлүүлэн Өрнөдийн улс орнууд “Манай газар нутгийг эзлэн түрэмгийлэхэд бэлдэж байсан” хэмээн буруутгасан байна. Тэрбээр НАТО-г Оросын хувьд “Бодит аюул занал” гэж нэрлээд “Цэргийн тусгай ажиллагаа” явуулсан нь түүний гаргаж болох хамгийн зөв шийдвэр байсан талаараа мэдэгджээ.  Мөн Украины дайнд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд анхаарал халамж тавихад Оросын засгийн газар бүхнийг хийхийг амлаад “Цэрэг , офицер бүрийн үхэл бидний зүрхийг шаналгадаг” гэж хэлжээ.

Өрнөдийн шинжээчид Ялалтын баярын өдөр Путин ямар нэг томоохон шийдвэр зарлаж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан юм. Тухайлбал Украинд албан ёсоор дайн зарлах, бүх нийтийн цэрэг татлага эхлүүлэх, ямар нэг ялалт байгуулснаа зарлах гэх зэргээр таамаглаж байсан. Харин тэрбээр Украины дайны нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн  шийдвэр танилцуулаагүй байна. Улаан талбайд үг хэлэхдээ Путин дараачийн төлөвлөгөөнийхөө талаар огт дурдаагүй гэж ОУ-ын ажиглагчид дүгнэжээ.