Шри Ланкын ерөнхийлөгч жагсагчид руу анхааруулгагүй гал нээх зөвшөөрлийг хүчний байгууллагад өгчээ

Эрх баригчдын гаргаж буй алдаатай шийдвэрийн улмаас эдийн засгийн хямралд өртөөд байгаа Шри Ланка улсын иргэд эсэргүүцлээ илэрхийлэн  жагсаал эхлүүлсэн нь тус улсад эмх замбараагүй байдлыг үүсгээд байгаа юм. Тэгвэл Шри Ланкын ерөнхийлөгч Готабая Ражапакса жагсагчдаас хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд анхааруулахгүйгээр шууд гал нээх зөвшөөрлийг хүчний байгууллагадаа өгчээ.

Шри Ланкын иргэд улс оронд нь нүүрлээд байгаа эдийн засгийн хямралд одоогийн ерөнхийлөгч Готабая Ражапакса, ерөнхий сайд Махинда Ражапакса нарыг буруутгаж огцрохыг шаардаж байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч мягмар гарагт  жагсагчдын нэг шаардлагыг хүлээн авч, төрсөн ах болох ерөнхий сайд Махинда Ражапаксаг огцруулсан бөгөөд харин өөрөө огцроогүй юм. 

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн тайван жагсаал одоо мөргөлдөөн болж олон хоног үргэлжлэх төлөвтэй байна. Мөргөлдөөний улмаас жагсагчид хүчний байгууллагын алба хаагчдын эсрэг хүч хэрэглэж, бэртээж гэмтээх тохиолдол олон гарсан тул мягмар гарагаас эхлэн “Жагсагчид олон нийтийн өмч сүйтгэх, амь насанд аюул учруулах зэрэг зүй бус үйлдэл гаргавал анхааруулахгүйгээр шууд гал нээх” тушаалыг Готабая Ражапакса өгчээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, мөргөлдөөнөөс болж найман хүний амь хохирч, 200 гаруй хүн шархадсан байна.