АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэх магадлал бага гэв

АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Эврил Хэйнс мягмар гарагт Сенатын танхимын Зэвсэгт хүчний байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын ерөнхийлөгч Украинд явуулж буй дайны үйл ажиллагаагаа зогсоох бодолгүй байгаа. Харин цөмийн зэвсэг хэрэглэх магадлал бага байна” хэмээжээ. Тэгвэл  ОХУ-ын эрх баригчид Киевийг долоо хоногийн дотор гартаа оруулах зорилготой “Цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэсэн түрэмгийллээ эхлүүлээд 75 хоног өнгөрч байгааг Ройтерс агентлаг онцолжээ. 

Оросын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины газар нутагт халдан довтлохдоо Киевийн засгийн газрыг түлхэн унагаж, Москвагийн талыг баримтлагчийг төрийн эрхэнд гаргах зорилготой байсан гэж ажиглагчид үзэж байсан. Гэвч уг зорилго биелээгүй тул Украины дорнод хязгаар Донбассыг бүрэн эзлэх дараагийн зорилгоо тавьсан юм.

Энэхүү оролдлого нь ч бас одоогоор амжилтгүй байна. “Донбассаас цааш давших санаагаа ерөнхийлөгч Путин орхиогүй, Украинд явуулж буй дайнаа сунжруулахаар бэлдэж байгаа гэж бид дүгнэж байна” гэж Хэйнс мэдэгджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Зорилго нь бүтээгүй, Оросын зэвсэгт хүчний нөөц боломж шавхагдаж буй зэрэг бодит байдалтай тулгарсан Путин ойрын хэдэн сарын хугацаанд урьдчилан тааварлах боломжгүй, аюултай алхам хийх боломжтой” гэсэн байна. Мөн уг уулзалтад оролцсон Ану-ын Цэргийн тагнуулын агентлагийн тэргүүн, хошууч генерал Скотт Беррьер “Оросууд ч ялахгүй, Украинчууд ч ялахгүй байгаагаас дайн мухардалд орох төлөвтэй байна” гэж хэлжээ.

Путин тактикийн цөмийн зэвсэг ашиглах боломжийн талаар Сенаторууд асуухад тэрбээр “Яг одоо бидэнд тийм аюул харагдахгүй байна” гэж хариулсан байна. Украины дайны улмаас олон мянган энгийн иргэн амь үрэгдэж, олон сая хүн гадаад руу дүрвээд байгаа. Дайн эхэлснээс хойш хоёр сар хагасын хугацаанд Оросын зэвсэгт хүчин Украины дорнод болон өмнөд бүс нутагт тодорхой хэмжээний газар нутгийг эзлээд байгаа юм.