Авто тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглоно

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулиар нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Мөн хүргэлтийн үйлчилгээгээр бүх төрлийн согтууруулах ундааг хязгаарласан заалт оруулсан байна.

Хуульд орсон зарим гол өөрчлөлтүүдийг мэдээллэе.

  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрүүдэд сар бүрийн эхний өдөр, бүгд найрамдах улс тунхагласан өдөр, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрүүд орж байна.
  • Хуулийн 32.1.2-т төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглож байгаа юм.
  • Мөн 32.1.7-т согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам зохион байгуулахыг хоригложээ.
  • Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон орчинд бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр багтаж байна.

Дэлхий дахинд согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг 2.3 тэрбум хүн байна. Нэг хүнд ногдох архины хэрэглээ 6.4 литр байдаг байна. Согтууруулах ундааны хэрэглээнээс болж жилд 3 сая хүн амиа алддаг гэсэн тоо баримт байна. Монгол  улсын тухайд согтууруулах ундааны хэрэглээ улам бүр өсөж, цогц бодлогоор эрх зүйн орчинд шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэлээ.

Онцгой албан татварын ангилал шатлалд өөрчлөлт орох замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Мөн төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас зохион байгуулж байгаа албан ёсны баяр ёслолын арга хэмжээнд өндөр агууламжтай согтууруулах ундаа хэрэглэхийг бүр мөсөн хориглохоор байгаа юм.

Монгол улсад спиртийн 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.