ОХУ-ын эрх баригчид гадаадын эрчим хүчний 31 компанид хориг тавьжээ

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд Кремлийн эрх баригчид Европын холбоо, АНУ, Сингапурын эрчим хүчний 31 компанид хориг тавих тухай тогтоолыг лхагва гарагт гаргасан байна. ОХУ-ын Засгийн газрын хориг арга хэмжээний жагсаалтад гадаадын 31 компани багтсан ч ихэнх нь Оросын эрчим хүчний “Газпром” компанийн гадаад улс дахь охин компаниуд багтжээ. 

Мөн Ямал-Европ хийн хоолойн Польшийн хэсгийг эзэмшигч “Европол Гaз” хэмээх Польшийн компани уг хоригт өртсөн байна. Хоригт багтсан компаниудтай холбоотой гүйлгээг хориглож, тэдгээртэй холбоотой хөлөг онгоцуудыг Оросын боомт руу нэвтрэхийг ч хоригложээ. 

Харин Европын холбооны гишүүн орнууд Оросоос газрын тос импортлохыг хориглох Европын комиссын саналын талаар энэ долоо хоногт тохиролцоонд хүрч магадгүй талаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнөөдөр мэдэгдсэн байна. Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан нар даваа гарагт уулзаж, ЕХ-ны Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээний талаар ярилцжээ. ЕХ-ны 27 гишүүн орон санал нэгтэйгээр баталсны дараа шинэ хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ёстой бөгөөд энэ нь ОХУ, Украины дайн эхэлснээс хойших зургаа дахь удаагийн хориг болох юм байна.