Жилд 10.000 хүн архины хамаарлаас шалтгаалж нас барж байна

Манай улс архидалттай тэмцэх, архины хэрэглээг бууруулах тухай олон жил ярьж ирсэн. Согтууруулах ундааны татварыг 40-50 хувиар нэмэхэд хэрэглээ нь 10-20 хувиар буурна гэж судалгаагаар тогтоожээ. Энэ удаа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд архины үнийн дээд, доод хязгаарыг тогтоох тухай тусгасан байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрчхээд байгааг мэргэжилтнүүд хэдийнээ сануулаад эхэлсэн.

Согтууруулах ундааны хэрэглээг маш өндөр хувиар бууруулж чадсан улс орнууд татварын бодлогоор өөрчлөлт оруулсан байдаг. Архидалттай тэмцэх гол арга нь татварын бодлого гэж олон улсад судалгаагаар нотлогдсон. Манай улсад судалгаагаар татварыг 40-50 хувиар нэмэхэд хэрэглээ 10-20 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан байна. Тэгвэл хууль тогтоогчид энэ удаагийн согтууруулах ундааны тухай хуулиар татварын бодлогыг эргэж харах шаардлага бий гэдгийг хэлж байна.

Манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь буюу 90 орчим мянган хүн архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа бий. Бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байвал энэ тоо 200 мянгад хүрэхээр байгаа юм. Жилд 10 мянган хүн архины хамааралтайгаар амиа алдаж байна.