Барилгын гол нэр төрлийн материалын үнийн өсөлт орон сууцны үнэ өсөхөд нөлөөлжээ 

2021 оны 4-р улирлын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом нэмэгджээ. Мөн жил бүрийн хавар, барилгын ажил эхлэх үеэр барилгын гол нэр төрлийн материалын үнэ нэмэгдэж, үүнийгээ дагаад байрны ханш ч өсдөг хандлага энэ жил ч мөн давтагдаж байна.

2021 оны 4-р улирлын байдлаар захиалга авч байгаа орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.258.853 төгрөгт хүрсэн нь өмнөх улирлаас 3%, өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үнэ өсөхөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь барилгын материалын үнийн өсөлт бөгөөд энэ өсөлт 2022 онд ч мөн үргэлжилсэн хэвээр байна.

2022 оны гуравдугаар сарын байдлаар барилгын арматур нэг тонн нь 3.150.000 төгрөг болж, 2021 оны мөн үеэс 50.9 хувиар нэмэгджээ. Вакум цонх 210.870 төгрөгөөс 400.000 төгрөг болж 89.7 хувиар, бетон, бетон бүтээгдэхүүний гол нэр төрлийн 14 бүтээгдэхүүний дундаж өсөлт өнгөрсөн оныхоос 46.9 хувиар нэмэгдсэн байна. БХБЯ-аас “Үнэ өсөх хамгийн гол шалтгаан нь экспортоор авдаг барилгын зарим нэр төрлийн материалын үнэ дэлхийн зах зээл болон дотоодод огцом нэмэгдсэнтэй холбоотой” гэж мэдээлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас хил гаалийн хориг саад, тээвэрлэлтийн үнийн огцом өсөлт, дэлхийн зах зээл дээрх барилгын материалын түүхийн эдийн хомстол, түүнийг дагасан үнийн өсөлт зэрэг нь ч ийнхүү манай улсын барилга, орон сууцны үнэд нөлөөлөх гол хүчин зүйлс болоод байна.

Орон сууцны үнийг бууруулах, тогтворжуулахад засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсан. Тухайлбал өнгөрсөн онд өмнөх жилүүдийнхээс хамгийн их мөнгөн дүнтэй буюу нийт 780 тэрбум  төгрөгийн  ипотекийн зээлийг иргэдэд олгож бэлэн орон сууцны барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулсан юм. Мөн дотооддоо барилгын материалын үйлдвэрүүд барих, бүхий л боломжийг ашиглан үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.