Улсын хэмжээнд 13.473 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна

Өчигдөр олон улсын сувилагчдын өдөр тохиосон. Манай улсад өнөөдрийн байдлаар 13.473 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. Үүнээс 96.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 3.5 хувь нь эрэгтэй сувилагч байна. Судалгаагаар манай улс эрэгтэй сувилагчдын тоогоор дэлхийд доогуурт эрэмбэлэгдэж байна.

Жаргалсайханы Ганбаяр улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажилладаг. Тэрбээр мэргэжлээрээ гурван жил ажиллаж байна. Анх сувилагч болно гэхэд гэрийнхэн дэмжиж хүлээж авсан байна. Харин хамаатнууд нь  “Эрэгтэй хүн байж сувилагч уу? Яагаад эмч биш юм?, Эр хүн тийм ажил хийдэггүй юм гэх зэргээр хүлээж авсан гэж ярилаа.

Түүний хувьд цар тахлын үед улаан бүсэд ажилласан байна. Энэ нь түүнд маш том дадлага болжээ. Ковид-19-ийн халдварын үед 14 хоногоор ээлжилж, “Улаан бүс”-д зургаан цаг ороод гарч ирэх хуваариар ажилласан.

Гэхдээ ачаалал ихтэй, “Хүнд” хүн олонтой үед “Улаан бүс”-д арав гаруй цагаар ажилласан нь хүнд байсан ч сурах мэдэх зүйл олон байсан гэлээ. Цаашдаа мэргэжлээ дээшлүүлэх зорилготой. Магистр хамгаалж одоо ажиллаж байгаа газартаа арга зүйчээр ажиллах хүсэлтэй гэлээ. Одоо эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байна.

Эрэгтэй сувилагчдын бас нэг төлөөлөл нь Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төвийн сувилагч Г.Алтансүх байлаа.

Манай улсад нэг сувилагчид ногдох ажлын ачаалал хоёр дахин их. Сувилагчийн цалин хөлс бага, нийгмийн асуудалд орхигдсон гэж хэлж болно. Салбар яамнаас сувилагчдын нийгмийн асуудлыг бодлогоор дэмжих үүднээс цалингийн шатлалыг бий болгосон байна. Учир нь ур чадвар сайтай сувилагч өндөр цалин авах боломжтой гэдгийг эрүүл мэндийн сайд мэдээлсэн юм.

Манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэргээр тэмдэглэж иржээ.