Тусгай хэрэгцээт сургуулиудад хүүхдийн автобус дутагдалтай байна

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн автобус хүрэлцэхгүй байна. Тэр дундаа тусгай хэрэгцээт сургуулиудад автобус хүрэлцээгүй, байгаа нь эвдрэл гэмтэлтэй, улсын төсвөөс өгдөг төсөв нь мөн хүрэлцдэггүй байна. Нийслэлийн 63-р тусгай сургуулийн хүүхдийн автобус шатахуунаа авч чадахгүй байгаа тул түр зогсжээ.

Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 6 сургууль, 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 116-р сургууль нэг автобус ашиглах өртгөөр хоёр автобус үйлчилгээнд гаргадаг тул ашиглах зардал хаанаа ч хүрдэггүй. Харин нийслэлийн 29-р сургууль 250 сурагчтай ч 25 суудалтай нэг автобус ашигладаг тул нэмж автобус авах шаардлагатай. 63-р тусгай сургуулийн хувьд 2 автобустай ч шатахуунаа авч чадахгүй учир ашиглаж чадахгүй хэдэн сарын нүүр үзэж байна.  

Мөн тусгай хэрэгцээт 2 цэцэрлэгт нэг нэг автобусыг улсаас олгосон байна. Тус автобуснуудын жилд ашиглах зардлыг улсын төсвөөс өгдөг ч хангалтгүй учраас мөн зогсжээ. Харин эцэг эхүүдийн хувьд хүүхэд бүрийг автобусаар хүргэдэг болгохыг хүсч байна.

Тусгай хэрэгцээт сургуулийн хүүхдийн автобусыг Боловсролын ерөнхий газар хариуцдаг юм. Бид энэ асуудлаар Боловсролын ерөнхий газартай холбогдон тайлбар авахыг хүссэн ч татгалзлаа.