Таван банкнаас хувьцаагаа олон нийтэд санал болгох асуудлыг хойшлуулж магадгүй байна

УИХ-аас баталсан банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Энэ хугацааг хойшлуулах хүсэлтийг олон улсын валютын сан болон зарим гишүүд гаргаад байгаа юм. Эдийн засагчид мөн богино хугацаанд IPO гаргах нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй гэдгийг сануулж байна. 

Таван том банкаас гадна Богд банк IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө ирүүлсэн байна. Банкууд эхний ээлжинд 5-15 хүртэлх хувийг олон нийтэд санал болгож, зах зээлээс 500-600 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх хүсэлтийг ирүүлсэн байгаа юм. Монгол улсын санхүүгийн зах зээл дээр 11 банк байдгийн 5 нь системийн нөлөө бүхий том банкад ордог. Эдгээр банкууд нэгэн зэрэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь хоорондын өрсөлдөөнөөс гадна үнэ цэнд нь нөлөөлөх магадлалтай гэх үүднээс хугацааг нь сунгаж өгөх санал гаргажээ

Өнөөдрийн байдлаар банкан дахь нийт хадгаламжийн хэмжээ 20 их наяд төгрөгт хүрсэн банкууд хувьцаа гаргахад зах зээлээс хангалттай хэмжээний хөрөнгө татах боломж байна гэж Төв банк тооцоолж байгаа юм. Мөн банкуудын IPO-д ганцхан Монголоос биш гаднын хөрөнгө оруулагчид оролцох боломжтой төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах ажил эхэлсэн байгаа юм байна.

Төв банкны зүгээс бэлэн болсон банкнуудад активийн чанарын үнэлгээ буюу санхүүгийн тайланд нь чанарын үнэлгээ зэрэг хийхэд харшлах зүйл байхгүй. IPO гаргах материалаа бүрдүүлж өгсөн банкнууд зөвшөөрлөө авбал шууд хувьцаагаа олон нийтэд арилжаалах боломжтой. Хуулийн хугацааг сунгаж байгаа нь үүнтэй хамаагүй гэж байна.

Өнөөдрийн байдлаар санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанканд Хаан банк, Голомт банк бүтцийн өөрчлөлт хийх материалаа ирүүлсэн байна. Эдгээр банкны материалуудыг бүртгэлийн журмуудтай нийцүүлэх ажлыг хийж байгаа гэдгийг санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.