Украинаар дамжин Европ руу нийлүүлэгдэж буй Оросын байгалийн хийн дамжуулалтыг зогсоожээ

ОХУ-аас Европ руу нийлүүлдэг хийн түлшний бараг гуравны нэг нь Украины нутаг дэвсгэрээр дамждаг байна. Тэгвэл Украины талаас уг урсгалыг зогсоож, өөр тийш шилжүүлнэ гэдгээ өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.

Оросын түрэмгийлэл эхэлсний дараа ч Украин улс Оросын байгалийн хийг дамжуулах гол бүс нутаг хэвээр байсан юм. Харин Украины байгалийн хийн системийг ажиллуулдаг дотоодын компаниуд өнгөрсөн лхагва гарагаас эхлэн “Сохрановка” замаар дамждаг Оросын байгалийн хийн дамжуулалтыг зогсоохоо мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт хий дамжуулах явцыг зогсооно гэсэн мэдэгдэл Украины талаас хүлээж авсан талаар Оросын төрийн өмчит "Газпром" компаниас мэдэгдсэн байна. Улмаар Европын түншүүдийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн тулд бүх дамжуулалтыг баруун тийш өөр хийн хоолойн холболтын цэг рүү түр шилжүүлж байгаа гэжээ.

Украины эрчим хүчний компаниудын мэдээлж буйгаар “Оросын тал Украинаар дамжин өнгөрдөг хийг тус улсын зүүн хэсэгт орших салан тусгаарлагчдын хоёр бүс нутаг болох Донбасс, Луганскаар дамжуулж эхэлсэн” гэжээ. Гэхдээ ямар нэгэн нотлох баримт дурдаагүй байна. Луганск муж дахь Новопсков Компрессорын буюу шахалтын станц дайн эхэлсний дараа Оросын армид эзлэгдсэн юм. Энэ нь Украины байгалийн хийн дамжуулалтын систем дэх анхны Компрессор бөгөөд өдөрт ойролцоогоор 32 сая шоо метр хий дамжуулдаг байна. Украины эрчим хүчний Нафтогаз компанийн тэргүүн Юрий Витренко “Сохрановка” замаар дамжин өнгөрөх Оросын байгалийн хийн урсгалыг зогсоосон нь Украины дотоодын зах зээлд нөлөөлөхгүй” хэмээн мэдэгджээ.