Финландын эрх баригчид НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ албан ёсоор зарлажээ

Өнгөрсөн пүрэв гарагт Финланд улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-д цаг алдалгүй гишүүнээр элсэх шийдвэр гаргаж буй талаараа албан ёсоор зарласан юм. Үүнтэй зэрэгцэн Швед улсын эрх баригчид Финландтай ижил шийдвэрийг гаргахаар зэхэж буйгаа зарлажээ. 

ОХУ-тай 1300 километр урт газраар хиллэдэг Финланд улсын эрх баригчид Умард Атлантын гэрээний байгууллага болох НАТО-д элсэхээр шийдвэрлэснээ өнгөрөгч пүрэв гарагт албан ёсоор зарлалаа. Финландын хөрш Швед улс мөн шийдвэрээ зарлахаар зэхэж байгаа талаараа мэдэгджээ. Дэлхийн 2-р дайнаас хойш эдгээр улсууд төвийг сахих бодлого тууштай баримталж ирсэн ч Орос Украинд эзлэн түрэмгийллээ эхлүүлсний дараа байр сууриа огцом өөрчлөхөд хүрсэн юм. Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто, Ерөнхий сайд Санна Марин нар хамтарсан мэдэгдэлдээ “НАТО-гийн гишүүнчлэл нь Финланд улсын аюулгүй байдлын баталгаа болно. Мөн Финланд улс НАТО-г улам хүчирхэг болгоно. Финланд улс цаг алдалгүйгээр НАТО-д гишүүнээр элсэх ёстой”  гэжээ. Оросын хэрэгжүүлж болзошгүй сөрөг хариу арга хэмжээний талаар сэтгүүлчид тэднээс асуухад ерөнхийлөгч Нинисто “НАТО-д элсэх нь хэн нэгний эсрэг чиглэсэн алхам биш.  ОХУ-ын эрх баригчид биднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бөгөөд үүний гол буруутныг эрж байвал Путин толинд өөрийгөө харах хэрэгтэй” хэмээжээ. Үүнтэй холбогдуулан НАТО-гийн эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг хоёр улсын НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэхээ амласан байна. 

Тэгвэл Финландын эрх баригчдын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хариу мэдэгдэл гаргажээ. Тэрбээр Финланд улс НАТО-д элсвэл Орос-Финландын харилцаанд ноцтой хохирол учруулж, Умард Европын бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад асуудал үүснэ. Үүнээс үүдэлтэй  аюул заналыг тогтоон барихын тулд ОХУ цэрэг зэвсгийн болон бусад хариу арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүрнэ” хэмээн мэдэгджээ.

Ийнхүү Финланд улс НАТО-д гишүүнээр элсвэл ОХУ-тай хамгийн урт шугамаар хуурай газраар хиллэдэг НАТО-ийн гишүүн улс болох юм байна.