ОУ-ын хөрөнгө оруулагчдын ашиг нэмэгдсэнээр хөрөнгийн биржүүд дээр газрын тосны үнэ буурчээ

Европын холбоо Оросын газрын тосны импортод хориг тавихаар бэлтгэж байгаатай зэрэгцэн ОПЕК-ийн улс орнууд олборлолтоо хязгаарлагдмал хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан юм. Мөн үүнээс үүдэлтэй нийлүүлэлтийн асуудлууд ч тулгарч магадгүй гэдгийг шинжээчид анхааруулж байсан юм.

Харин энэ оны эхний улиралд хөрөнгө оруулагчид газрын тосноос олж буй ашгаа нэмэгдүүлж чадсанаар уг бүтээгдэхүүний үнэ ОУ-ын хөрөнгийн биржүүд дээр даваа гарагаас буурч эхэлжээ. Тухайлбал, даваа гарагийн ОУ-ын хөрөнгийн биржүүдийн арилжаа нээгдэх үед “Brent” маркийн нэг торх газрын тосны үнэ 1.66 ам.доллар буюу 2 хувиар буурч 108 ам.доллар болсон бол “WTI” маркийн газрын тосны үнэ 1.55 ам.доллароор буюу 1.5 хувиар буурч 107 ам.долларт хүрсэн байна. 

Олон улсын хөрөнгө оруулагчдын ашиг нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ унаж байгаагаас гадна БНХАУ-ын томоохон хотуудад хэрэгжиж буй хөл хорионы дэглэмийн улмаас эрэлт суларсан гэж шинжээчид үзэж байна. Дайны нөхцөл байдал болон Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж байгаа бодлогоос үүдэн газрын тосны хэрэглээ бүхэлдээ буурч байгаа төдийгүй томоохон эдийн засагтай улс орнууд газрын тосны эх сурвалжуудаа нэмэхээр шуурхай ажиллаж байгаа зэрэг нь цаашид газрын тосны үнэд нөлөөлж, буурах төлөвтэй байгааг шинжээчид “Ройтерс” агентлагт мэдээлжээ.