АНУ-д арьс өнгөний ялгаварлах үзлээр 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Нью-Йорк хотын Буффало дагуул хотод хүнсний дэлгүүрт зэвсэгт этгээд гал нээж, 10 хүний амийг хөнөөжээ. Тус хотын цагдаагийн газар сэжигтнээр 18 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд арьс өнгөний үзлээс үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Сэжигтэн залуу хүнсний дэлгүүрт иргэд рүү гал нээж байх үедээ цахим хаягаараа үйл явдлыг шууд дамжуулж байсан гэдгийг цагдаа нар мэдэгдэж байна. Түүнчлэн уг хэргийг арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэлтэй хэт даврах үйлдэл гэж үзэж байгаа юм. Сэжигтэн уг хэргийг ихэвчлэн өнгөт арьстнууд оршин суудаг дүүрэгт үйлдсэн байна. Түүний суманд оногдсон 13 хохирогчийн олонх нь хар арьстнууд байжээ. Халдлагад өртөж гэмтсэн ч амьд үлдсэн гурван хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Тэтгэвэрт гарсныхаа дараа тус дэлгүүрт хамгаалагчаар ажиллаж байсан хуучин цагдаагийн офицер халдлагын үеэр гэмт этгээдийг устгахыг оролдсон боловч чадалгүй амь үрэгдсэн гэжээ. Уг хэргийг үйлдсэн гэгдэх сэжигтэн нь биеэ хамгаалах дуулга, хуяг өмссөн байсан бөгөөд цагдаа нартай удаан хугацаанд буудалцсаны эцэст бууж өгчээ.