Газрын тос боловсруулах үйлдвэрийн усан хангамжийн бүтээн байгуулалт 50 гаруй хувьтай байна

Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар усан хангамжийн барилгын гүйцэтгэл 50 гаруй хувьтай явж байна. Уг төслийн ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын компани гүйцэтгэж байгаа юм. Одоогоор бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгчээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ажиллаж байгаа юм. Төслийн санхүүжилт нь БНЭУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл юм. Өнөөдрийн байдлаар ус хангамжийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Энэ нь үйлдвэрийн нийт усан хангамжийг шийдэх байгууламж юм. Үйлдвэрийн талбайд Жи Эм Си Прожекст Индиа компани болон туслан гүйцэтгэгч Монголын компаниудын нийт 570 орчим хүн ажиллаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 18 барилга байгууламж баригдана. Судалгаагаар манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд жилд дунджаар 6 тэрбум америкийн долларыг гадаад худалдаанд зарцуулсан байна. Үүний 17 орчим хувь буюу 1 тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүний импорт эзэлж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж байгаа валютын урсгалыг 70 орчим хувиар, нийт гадагш гарах валютын урсгалыг 11,6 хувиар бууруулах боломжтой юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, таван төрлийн 1.4 сая тонн бүтээгдэхүүн болгон гаргах юм. Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-92 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх юм.