Эрчим хүчний төлбөрийг хамгийн багадаа 20-30 хувиар нэмэх шаардлагатай гэж үзэж байна 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан манай улсын эрчим хүчний салбар 2019 оноос хойш үнээ тогтвортой барьж ирсэн ч 2021 оны байдлаар 92 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дааж байгаа хугацаа 5-р сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа тул тухайн үеэс эхлэн эрчим хүчний төлбөрийг багадаа 30 хувь хүртэл нэмж, бодит өртөгт хүргэх шаардлага тулгарчээ. 

Зөвхөн энэ он гарснаас хойш нийт 4 сарын хугацаанд гэхэд л иргэдэд 70 гаруй тэрбум төгрөгийн эрчим хүчний хөнгөлөлт үзүүлсэн байна. Нийт цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 98 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдаж, өнөөдрийн байдлаар 890 тэрбум төгрөг зарцуулаад байна. Өнөөг хүртэл хөнгөлөлттэй байсан эрчим хүчний үнэ нэмэгдэх шалтгаан нь гурван жилийн хугацаанд тогтвортой үнэ барьж ирснээс үүсэлтэй гэж албаныхан хэлж байна. Хөнгөлөлтийн хугацаа дуусах үед эрчим хүчний төлбөрийг хамгийн багадаа 20-30 хувиар нэмэх шаардлагатай гэж байна.

Цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа энэ сарын 31-ны өдрөөр  дуусгавар болж байгаа юм. Ингэхдээ гэр хорооллын айл 350 квт, орон сууцны айл 250 квт хүртэлх цахилгааны төлбөрийг төр дааж байсан бол зургаадугаар сарын нэгний өдрөөс эхлэн иргэд өөрсдөө 100 хувь төлж эхэлнэ. Мөн дээрээс нь эрчим хүчний одоогийн  өртөг болох 175 төгрөг нь 49 төгрөгөөр нэмэгдэж 224 төгрөг болохнээ.

Эрчим хүчний үнийг нэмэхгүй байвал эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрнэ. Ялангуяа цар тахлаас гадна, Орос Украйнд болж байгаа үйл явдлаас шалтгаалан хамгийн их хүчтэй нөлөөлөлд өртөж буй салбар бол эрчим хүчний салбар юм. Гэвч иргэд энэ цаг үед цахилгааны үнийн өсөлтийг дийлэхгүй гэдэг нь инфляцаас харагдаж байгаа тул, холбогдох мэргэжилтнүүд сайтар судалгаа хийж эцсийн шийдвэрийг гаргах юм.