Монгол улсын насанд хүрсэн нэг хүнд жилд 160 хайрцаг тамхи ногдож байна

Манай улс янжуур тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд багтдаг байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд өсвөр насны буюу 13-15 насны хүүхдүүдийн дунд янжуур тамхины хэрэглээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн дам тамхидалт улам нэмэгдсэн нь тогтоогджээ.

Манай улс зөвхөн 2021 онд гэхэд л дотооддоо 4 сая блок тамхи үйлдвэрлэсэн байна. Үүнээс гадна гадаадаас 18,1 сая блок янжуур тамхийг импортоор оруулж хэрэглээнд нэвтрүүлжээ. Харин хэрэглээний хувьд насанд хүрэгчдийн 24,2 хувь нь буюу 4 хүн тутмын нэг нь утаат тамхи татдаг байна. Нийт эрчүүдийн 43 хувь нь утаат тамхи татдаг бол, эмэгтэйчүүдийн тав гаруй хувь нь тамхи татдаг байна. Өөрөөр хэлбэл хоёр эрэгтэй тутмын нэг нь  тамхи татдаг гэсэн үг. Тамхи татдаг нийт иргэдийн 21 хувь нь өдөр болгон татдаг бөгөөд нэг өдөрт дунджаар 10 удаагийн давталттайгаар тамхи татдаг гэжээ. Сүүлийн үед утаат тамхи  хэрэглэгчид улам залуужиж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсад тамхидалт сүүлийн хорин жилийн байдлаар огт буураагүй байна. Мөн тамхины хяналтын тухай хууль батлагдсан ч тамхидалт буурахгүй байна гэж үзэж байна.

Утаат тамхи татах  хорт зуршил нь жил бүр дэлхий нийтийн зургаан сая хүний үхлийн шалтгаан болж байгааг ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Тамхи татах болон дам тамхидалтад өртөх нь хүний бүх эд эрхтэнд нөлөөлж, цаашлаад өвчлөл үүсгэхийн зэрэгцээ үхэлд ч хүргэдэг чимээгүй тахал гэж үздэг юм.