АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ази тив дэх анхны айлчлалаа хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Ази тивд хийж байгаа айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Жо Байден, Юн Сок Ёль нарын анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн бямба гарагт болсон байна. Хоёр цаг үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр цагаан ордны тэргүүн Жо Байден “Өмнөд Солонгост бүх талын дэмжлэг туслалцааг бүхий л салбарт үзүүлэх” амлалт өгчээ. 

Тэрбээр Солонгос улсад гурван өдөр саатаад ням гарагт Япон улсын зүг хөдөлсөн байна. Дараагийн албан айлчлалаа эхлүүлэхээсээ өмнө Жо Байден сэтгүүлчидтэй уулзахдаа Умард Солонгосын зэр зэвсгийн хүчин чадалд санаа зовохгүй байгаагаа хэлээд, Умард Солонгосын талаас хийж болох бүх үйлдэлд бэлэн АНУ байгааг илэрхийлсэн байна. Өмнөх өдөр нь тэрбээр хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтаа өргөжүүлж, пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг техник нэмж нийлүүлэхээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёльтой тохиролцжээ.

Жо Байдены энэ байр суурь өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааны үеийн бодлогоос эрс өөр болсныг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэд хэдэн удаа уулзаж, найрсаг харилцааг эрхэмлэж байсан юм.

Цагаан ордны тэргүүн өнөөдөр японы эзэн хаанд бараалхах бөгөөд дараа нь тус улсын ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ хийх юм байна. Мөн Байден дайны үед Умард Солонгос-д хулгайлагдаж, солилцоогоор эх орондоо ирсэн хүмүүстэй уулзах тов гарсан талаар мэдээлж байна.