Япон, АНУ-ын улс төрийн өндөр албан тушаалтнууд Зүүн Өмнөд Азийн орнуудын үйл ажиллагааны талаарх стратегийн анхны яриа хэлэлцээгээ хийжээ. Энэхүү хэлэлцээг Хятадын нөлөө өсөн нэмэгдэж буй бүс нутагт бодлогоо уялдуулах зорилтын хүрээнд хийсэн байна.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар өнгөрсөн долоо хоногт Токио хотноо уулзах үеэрээ Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу “АСЕАН”-тай харилцаагаа сайжруулах талаар тохиролцсоны дараа хоёр орны засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд цахимаар уулзсан байна. Пүрэв гарагт болсон уулзалтад Японы Гадаад Хэргийн Яамны Зүүн Өмнөд болоод Баруун Өмнөд Азийн асуудал хариуцсан хэлтсийн Ерөнхий захирал Кано Такэхиро, АНУ-ын Зүүн Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн Төрийн Нарийн Бичгийн Дэд Дарга Дэниел Критенбринк нар оролцжээ.
Хятад улс Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх хийгээд Энэтхэг-Номхон далайн бүс дэх бусад газрын статус-квог хүчээр өөрчлөхийг оролдож байгаатай холбогдуулан дээрх холбоотон хоёр улс “АСЕАН”-ы гишүүн орнуудыг АНУ-ын тэргүүлсэн чөлөөт, ардчилсан орнуудын бүлэгт хэрхэн ойртуулахад голчлон анхаарал хандуулсан гэж шинжээчид үзэж байна.
“Зүүн Өмнөд Ази нь Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг цогцлооход чухал ач холбогдолтой” гэдгийг Япон улсын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Оно Хикарико цахим хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Энэ талаар АНУ-тай стратегийн яриа хэлэлцээ хийх нь “Туйлын чухал” гэдгийг тэрбээр онцолсон байна.