ОХУ Украины нийслэл Киев рүү агаарын цохилт өгчээ

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотыг алсын зайн тусгалт пуужингаар бөмбөгджээ. Өнгөрөгч 4-р сарын сүүлээр тус хот хамгийн сүүлд Оросын агаарын довтолгоонд өртсөн бөгөөд сүүлийн сар гаруй хугацаанд тэнд нөхцөл байдал харьцангуй тайван байсан юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ цохилтоороо Европын орнуудаас Украинд нийлүүлсэн танкнуудыг устгасан гэж мэдээлж байна. Харин Украины тал Киев дэх галт тэрэгний засварын үйлдвэр цохилтын бай болсныг мэдээлжээ. 

Уг халдлагын дараахан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Төв телевизийн сувагтаа ярилцлага өгсөн байна. Тэрбээр Өрнөдийн улс орнууд цаашид Украинд цэргийн зэвсэг техник илгээсээр байвал агаарын цохилтоо өргөжүүлэх талаар анхааруулга өгчээ. Тухайлбал тэрбээр “Өрнөдийнхөн зэвсэг нийлүүлсээр байгаа нь мөргөлдөөнийг сунжруулах ганцхан зорилготой гэж би харж байна. Хэрвээ тэд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлсээр байвал бид шинэ байнуудад  агаарын цохилт өгөх болно. Бидэнд зэвсэг хангалттай бий” хэмээн мэдэгджээ. Түүний мэдэгдлээс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын засаг захиргаа 70 хүртэл километрийн зайд өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай m142 пуужингийн системийг Украинд илгээсэн юм.

Энэ нь одоо Украины армийн ашиглаж байгаа их буунуудаас илүү хол зайд тусах чадвартай бөгөөд 3 дахин хүчтэй гэж мэргэжилтнүүд үздэг байна. Ийм зэвсэгтэй болсноор Украины арми ОХУ-ын газар нутгийн төв цэгт довтлох боломж бүрдээд байгаа юм. Ийм алхам хийсэн тохиолдолд дайны цар хүрээ улам өргөжих эрсдэлтэй тул Вашингтон ээлжит тусламжийн багцдаа уг зэвсгийг илгээх эсэхдээ эргэлзэж байсан юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленський шинэ зэвсгийг өөрийн нутаг дэвсгэр дэх дайны талбараас хэтрүүлэн ашиглахгүй гэсэн амлалт өгсний дараагаар АНУ-ын тал шийдвэрээ гаргасан юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр Запорожье хотод хүрэлцэн очиж, дайны талбараас, тэр дотроо Мариуполь хотоос дүрвэж ирсэн иргэдтэй уулзжээ. Энэ үеэр тэрээр дүрвэгчдэд бичиг баримт шинээр авах, орон гэртэй болоход нь туслахаа амласан байна.