Товлолт вакцины жагсаалтад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай  

Манай улсад хорт хавдрын хамгийн олон тохиолдлоороо умайн хүзүүний хорт хавдар нь гуравдугаарт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг  орон даяар албан ёсоор хийгдэж байгаа ч үр дүн муутай байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Мөн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг товлолт вакцины жагсаалтад оруулаагүй тул вакциндаа хамрагдаж урьдчилан сэргийлэх иргэдийн тоо хангалтгүй байна. Нийт хорт хавдрын болоод умайн хүзүүний хорт хавдрын холбогдолтой тоон үзүүлэлтийг үзүүлье.

  • ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байна. 
  • Манай улсын иргэдийн хорт хавдрын эрсдэлийн 2020 оны үзүүлэлтээс харахад 6702 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн байна. Үүний дотор 32 хувийг элэгний хорт хавдар, 17 хувийг ходоодны хорт хавдар, 7.6 хувийг уушги гуурсан хоолойн хорт хавдар эзэлж байгаа бол, 7.2 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдар нийт тохиолдлоороо 4-р байрт орж байна. 
  • Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн орнууд буюу Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос, Монгол улс ордог. Эдгээр улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн стандарт түвшин дунджаар 100.000 хүн амд 10.9 тохиолдол байна. Харин нас баралтын 4.1 тохиолдол байдаг байна. 
  • Харин Монгол улсын хувьд Умайн хүзүүний хорт хавдар 100.000 хүн амд 23.5 тохиолдол байна. Нас баралт 100.000 хүн амд 10.2 тохиолдол байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм байна. 

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папилома вирус  юм. Бэлгийн замаар дамжин халдварладаг ХПВ-аас сэргийлэх хамгийн гол арга нь уг вирусийн эсрэг вакцин гэж үздэг. Энэхүү вакциныг дэлхийн 79 орон үндэсний дархлаажуулалтын  товлолдоо оруулан 9-14 насны охиддоо хийж эхэлсэн. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд хамрагддаг бөгөөд манай бүсийн 13 орон буюу 48 хувь нь энэ вакциныг товлолдоо оруулсан. Харин одоогоор манай улс товлолт вакциндаа оруулаагүй байна. Иймд одоог хүртэл манай улсад уг хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргыг дорвитой авч чадалгүй явсаар байгаа юм. 

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээг “Ковид-19” гарахаас өмнө 40 хувьд хүргэхээр эрүүл мэндийн салбар ажиллаж байжээ. 2019 онд уг хорт хавдрын эрт илрүүлэг 38 хувьтай явж байсан бол “Ковид 19”-ийн халдвар тархсанаар хэд хэдэн удаагийн хол хорио явагдсанаас шалтгаалан эрт илрүүлэг 31 хувь хүртлээ буурчээ. 

Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой ба эрт үе шатандаа төгс эмчлэгддэг. Үүнд хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах умайн хүзүүний хорт хавдар эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах тохиолдлын бэлгийн харилцаанд орохоос татгалзах, зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Иймд манай улсын эрүүл мэндийн салбар уг арга хэмжээнүүдийг иргэдэд таниулах үйл ажиллагааг цаг алдалгүй авахаар ажиллаж байна.