Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын зах зээлд нэг галлон шатахууны үнэ 5 ам.доллар болж, түүхэнд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр үнэд хүржээ. Мөн тус улсын инфляцийн түвшин өнгөрсөн 5-р сард 8.6 хувьд хүрснээр сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Шатахууны үнийн өсөлт цагаан ордны тэргүүн Жо Байдены засаг захиргааны “толгойны өвчин” болоод байна гэж шинжээчид үзэж байна. Уг асуудал нь ирэх 11-р сард болох Конгрессын дунд хугацааны сонгуулийн үр дүнд ч нөлөөлж магадгүй болоод байгаа юм. Одоо Ардчилсан нам Конгрессод маш цөөн суудлын зөрүүгээр олонх болдог. Суудлын тоог сонгуулиар ахиулахгүй бол Байдены бодлого, хөтөлбөр хэрэгжихэд бэрхшээл тулгарах юм. Байдены засаг захиргаа шатахууны үнийг буулгахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал АНУ-ын стратегийн нөөцөөс түүхэнд урьд өмнө гаргаж байгаагүй хэмжээний шатахуун зах зээлд нийлүүлсэн. Мөн бензин шатахууны үйлдвэрлэлд хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авч, OPEC-ийн гол гишүүн орнуудад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалж, яриа хэлэлцээ хийж байгаа юм байна.
Шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий гэж үздэг. Зуны амралт зугаалгын улирал эхэлсэн нь Америкчуудын шатахууны хэрэглээг нэмэгдүүлсэн. Мөн Украины дайны улмаас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг, цар тахлын үед Америкийн үйлдвэрлэгчид хүчин чадлаа бууруулаад байсан нь мөн нөлөөлж байна. Хэдийгээр зардал өссөн ч иргэдийнх шатахууны эрэлт өндөр, цар тахлын өмнөх түвшинд бараг хүрээд байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн тус улсад бүх төрлийн түрээсийн үйлчилгээний үнэ өмнөх жилийн мөн үеэс 15 хувиар өссөн, шатахууны үнийн өсөлт, нярай хүүхдийн сүүн тэжээлийн үнийн өсөлт зэрэг нь инфляцад нь нөлөөлж буйг тус улсын эдийн засагчид мэдээлжээ.