Энэ онд Катар улсад зохион байгуулагдах ДАШТ-нд Тайваний хөлбөмбөг сонирхогчид Хятадын иргэний бүртгэлтэйгээр зорчихгүй

Энэ онд зохион байгуулагдах Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Катар улсын эрх баригчид олон улсын хөгжөөн дэмжигчдийн бүртгэлийг хийхдээ иргэний бүртгэлтэй холбоотой алдаа гаргаснаа залруулжээ. 

Тухайлбал, тэмцээнийг үзэх захиалга өгч буй Тайванийн иргэд цахимаар тоглолтын тасалбар болон тус улсад нэвтрэх визээ авахдаа БНХАУ-ын иргэний бүртгэлийг сонгохоос өөр аргагүй болсон байна. Улмаар Тайваний Гадаад хэргийн яамнаас зохион байгуулагчдад мэдэгдэл хүргүүлж яаралтай арга хэмжээ авахыг шаардсан байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн пүрэв гарагт ДАШТ-ийг зохион байгуулагч Катар улсын эрх баригчид цахим бүртгэлийн системдээ шинэчлэлт хийж Тайванийн иргэншлийн сонголтыг шинээр үүсгэснээ мэдэгджээ. Дараагаар нь Тайваний Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч шуурхай өөрчлөлт оруулсанд талархал илэрхийлсэн мэдэгдэлдээ “Манай хөлбөмбөг сонирхогчдын эрх ашгийг хүндэтгэж, бидний тавьсан шаардлагад шуурхай арга хэмжээ авсанд талархаж байна” хэмээн мэдэгджээ. 

Улс төрийн зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд Олимп зэрэг олон улсын спортын арга хэмжээнд Тайванийг ихэвчлэн "Хятадын нэг муж” хэмээн тодорхойлдог байна. Мөн Хятадын эрх баригчид сүүлийн үед “Нэг Хятад” бодлогоо хадгалахын тулд хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд Тайвань эх газраас хуваагдаж, тусгаар тогтнолоо зарлавал "дайн эхлүүлэхээс буцахгүй" гэдгээ хэдийн мэдэгдээд байгаа юм.