Монгол улс гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой асуудлыг зохицуулах хуультай болно

Манай улс өнөөг хүртэл гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа асуудал, харилцааг хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй байсан. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд болон амьтанд хайртай залуус олон улсад хэрэгждэг гэрийн тэжээвэр амьтны тухай хууль Монгол улсад ч мөн хэрэгжих шаардлагатай гэж үзжээ. Иймд иргэдээс нээлттэй санал авч УИХ-д өргөн барихаар болжээ.

Монгол улсад албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байгаа бөгөөд нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг байна. Уг ажилд дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг байна. Өнөөдрийг хүртэл хүмүүсийн хариуцлагагүй байдал, тэжээх, үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага дутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо бууралгүй нэмэгдэж  цаашлаад төсвийн мөнгийг  үр дүнгүйгээр зарцуулж байгаа юм. Иймээс олон улсын жишиг стандартад нийцсэн гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам, стандарттай болох, тэжээх хүмүүст тавигддаг шаардлагыг нэмэгдүүлж  хариуцлага тооцдог болох, хяналтгүйгээр үржүүлэх, амьтанд харгис хэрцгий хандаж байгааг зогсоох, тоо толгойг нь багасгахын тулд буудаж устгах аргыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Уг хуулийн төслийг амьтдад хайртай иргэд болон төрийн бус байгууллагууд санаачилж байгаа ч их хуралд УИХ-ын гишүүд өргөн барих учиртай тул албан ёсоор хуулийн төслийн санаачлагч болох гишүүнийг сонгосон гэлээ. Ингэснээр  уг төсөл бодит ажил хэрэг болж, УИХ-д өргөн барих боломж нээгдэж байгаа юм байна. 

Уг хуулийн төсөлд зөвхөн гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн эрхийг хамгаалах зохицуулалтууд тусгагдахаас гадна тэжээвэр амьтангүй иргэдийн эрхийг ч мөн тусгах юм байна.