В.Путин: “Цэргийн тусгай ажиллагаа” Украин дахь Орос хэлтэй хүн амыг хамгаалах зорилготой

Энэ сарын 18-нд ОХУ-ын ерөнхийлөгч Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы оролцогчдод хандан үг хэлжээ. Тэрбээр илтгэлдээ улс орных нь эсрэг өрнөдийн орнуудын зарласан эдийн засгийн хоригийг “тэнэглэл” хэмээн шүүмжилсэн төдийгүй Украинд явуулж буй дайнаа Донбассын бүс нутагт амьдардаг Орос хэлтэн хүн амыг хамгаалах гол зорилготой гэж тайлбарласан байна.

Владимир Путин дайн эхлүүлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Бидний хувьд эрсдэл, аюул занал нэмэгдэж байсан тул цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг гаргахаас өөр аргагүй байсан. Мэдээж энэ бол хэцүү шийдвэр, гэхдээ зайлшгүй шаардлага тулгарсан” хэмээн шийдвэрээ зөвтгөжээ. Мөн тэрээр “АНУ өөрийгөө дэлхийд илгээгдсэн бурхны элч гэж үздэг” хэмээн шүүмжлээд “Хүчирхэг, бүрэн эрхт улсууд” дүрмээ тогтоодог дэлхийн шинэ дэг журмыг Орос улс эхлүүлж байгааг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Украинд явуулж буй дайнаа “Бүрэн эрхт улс өөрийн аюулгүй байдлыг хамгаалах эрхээ эдэлж байгаа явдал” хэмээн тайлбарласан байна. 

Гэхдээ Путин өөрийн зэвсэгт хүчний Украинд учруулж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрсөн утгатай зүйлийг мэдэгдэлдээ дурджээ. Тухайлбал “Бид чөлөөлсөн хот сууринуудаа Сталинград шиг болгож болохгүй. Энэ бол манай арми аливаа байлдааны ажиллагаа явуулахдаа үргэлж бодож тооцдог зүйл. Гэхдээ алдаа гарсан эсэхийг үгүйсгэхгүй” хэмээн илтгэлийн дараах асуулт хариултын үеэр хэлсэн байна. 

Путин мөн дэлхий даяар хүнсний хомстол нүүрлэсэнд Орос улс буруугүйг мэдэгджээ. Түүний хэлснээр Украины цөөн тонны үр тарианы экспорт зогссон нь дэлхийн хүнсний хомстолд төдийлөн нөлөөлөхгүй гэжээ.  

1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд энэ жил Украины хямралтай холбоотойгоор өрнөдийн орнуудын төлөөлөгчид оролцоогүй байна.