Европт хэт халалт үргэлжилсэн хэвээр байвал ургацад сөргөөр нөлөөлж, хүнсний хямралд хүргэж болзошгүй

Баруун Европын орнуудыг агаарын халуун урсгал дайрснаас үүдэн Франц, Их британи, Испани улсуудад агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрч халжээ. Италийн зарим бүс нутагт ган болж байгаа бол Испанид ойн түймэр гарч, олон зуун хүн орон гэрээсээ дүрвээд байна.

Түрүү долоо хоногоос эхэлсэн хэт халалт өнгөрсөн бямба гарагт дээд цэгтээ хүрчээ. Африк тивийн хойд хэсгээс гаралтай халуун агаарын урсгал Испаниар дамжин бусад улс орнуудад хүрсэн байна. Тухайлбал бямба гаргийн үдээс хойш Франц улсын бүх мужуудын талаас илүү хувьд нь агаарын температур өссөнөөс гамшгийн нэг болон хоёрдугаар түвшинд хүрчээ. Тиймээс хүүхдүүдийн хичээлийг завсарлуулж, Эрүүл мэндийн яам нь шуурхай дуудлагын утас ажиллуулж эхэлсэн байна. Ойрын өдрүүдэд Францын баруун өмнөд бүсийн ихэнх хэсэгт цельсийн 40 градус давж халахаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

1947 оноос хойш Франц улсыг агаарын халуун урсгал ийм эрт дайрч байсан түүх байгаагүйг тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Мөн “Эмнэлгүүд дүүрээгүй ч эмнэлэгт ирэгсдийн тоо нэмэгдсээр байна” гэж Францын Эрүүл мэндийн сайд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ. Халсан агаарт хорт утаа, хийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор Парисын ойр орчим болон бусад хэд хэдэн бүс нутагт автомашины хөдөлгөөнийг багасгах, хурдыг нь хязгаарлах арга хэмжээнүүд авсан байна. 

Тэгвэл Их Британид мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн гурван өдрийн туршид дараалан агаарын температур 30-35 градуст хүрч халжээ. Энэ нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт юм байна. 

Түүнчлэн Италийн Умард бүсийн хэд хэдэн хотод ган гачгийн улмаас онц байдал зарлаж, ундны усны хязгаарлалт тогтоосон бол Испанийн зарим бүс нутагт хэт халалтын улмаас түймэр гарснаар иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Олон улсын цаг уурын байгууллагуудын мэдээлж байгаагаар Баруун Европын улс орнуудад агаарын халуун урсгал энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна. Үүнээс гадна хэт халалтын улмаас Европын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт сөргөөр нөлөөлөх төлөв ажиглагдаж эхэлсэн төдийгүй хэт халалт энэ зунжин үргэлжилбэл намрын ургацад сөргөөр нөлөөлөх болно гэж шинжээчид үзэж байна.