Жилд дотооддоо нэг сая гаруй хүн аялж, төсөвт 800 гаруй сая төгрөг төвлөрүүлдэг 

Сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал. Гэсэн ч энэ хугацаанд дотоодын аялал жуулчлал 30 орчим хувиар өссөн нь судалгаагаар тогтоогджээ. Манай улсад жилд сая гаруй хүн дотооддоо аялж, 800 гаруй сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Тэгвэл 2023 оноос аялал жуулчлалын захиалга өмнөх хоёр жилээс хоёр дахин, цаашлаад үүнээс ч их өсөх төлөвтэй байгааг салбарын төлөөллүүд хэлж байна.

  • Дотоодын аялал жуулчлалын оргил үед буюу 2017 онд манай улсын хоёр сая гаруй иргэн дотооддоо аялжээ. Харин 2021 онд 1.2 сая иргэн дотооддоо аялсан гэсэн тоо байна.
  • Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар зөвхөн Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гэхэд л урин дулааны цагт 500 мянга гаруй иргэн аялдаг байна.
  • Мөн  судалгаанаас харахад, иргэдийн хамгийн их аялдаг газар нь Хөвсгөл далай бөгөөд жилд 30-40 мянган дотоодын аялагчид Хөвсгөл далайд зочилдог байна.
  • Манай улс энэ жил дотоодод аялал жуулчлалын 20 орчим томоохон арга хэмжээ төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар тур оператор компаниудын 50 орчим хувь нь эдгээр арга хэмжээний захиалгаа урьдчилан аваад байгаа юм байна.

Монгол улсад  аялал жуулчлалыг хэрхэн, ямар бодлогоор хөгжүүлэх вэ гэдэг том зураг нь тодорхой бус явсаар ирсэн. Аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх үү?, аялал жуулчлалын бодлого нь тоонд анхаарах уу?, чанарт анхаарах уу? гэдгээ сайтар судлах шаардлагатайг албаныхан хэлдэг. Тэгвэл зөвхөн гадаад жуулчид бус дотоодын аялагчид руу чиглэсэн хөтөлбөрүүдээ шинэчилж байж, дотоодын аялагчид аяллын компаниудаар үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Дотоодын аялагчид тухайн орон нутагт орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгож байдаг. Зам дагуу шатахуун түгээх станц болон нийтийн хоолны газар, гэр буудал шинээр нээгдэж, орон нутгийн иргэд цагаан идээ болон гар урлалын бүтээгдэхүүнээ худалдаалж, улмаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрддэг. Тэрчлэн морь, тэмээ унуулах үйлчилгээ орон нутагт дэлгэрсэн бөгөөд энэ төрлийн аяллын бүтээгдэхүүний худалдан авагч нь голдуу монголчууд өөрсдөө байдаг байна.

Хэдий орон нутгийн төсөвт тэрбумаар хэмжигдэх их мөнгө аялал жуулчлалаас төвлөрөхгүй ч бэлэн мөнгөний урсгал орон нутгийг чиглэж байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт жилд аялал жуулчлалаас 100 гаруй сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрдөг юм. Үүнийг тав дахин нэмэгдүүлэх боломж байдаг байна.