Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь бохирдолтой байна

Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихсэж, автомашин болон гэр хороолол нэмэгдсэнээр хөрсний бохирдол ч улам нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хөрсний 88 хувь нь бохирдолтой байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 49 хувь нь амьдарч байна. Нийслэл хотод хүн амын тоо ихэссэнтэй холбоотой хатуу ба шингэн бохирдлын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж  байна. Ингэснээр нийслэлийн газар нутгийн хөрс ба хөрсөн бүрхэвч ихээр гэмтэж байна.  

1990-ээд оноос хойш хотын хөрсний бохирдлын судалгааны ажлууд хийгдэж эхэлжээ. Улаанбаатар хотод экологийн геохимийн судалгаа явуулж хэд хэдэн төрлийн гажгуудыг тогтоосон байна. Суурьшлын бүсийн хөрсний 55 хувь нь  хүнд металлын бохирдолтой  байна. Хүнд металлын бохирдлын гол эх үүсвэр нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламж, цахилгаан станц болон гэр хорооллын нүүрсний үнс, авто засвар үйлчилгээний газрууд түүнээс үүссэн хог хаягдал юм. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хөрсөнд хром, хар тугалга болон хүнцэл зэрэг онцгой хортой хүнд металлууд нь Да-Хүрээ, Арьс ширний үйлдвэр зэрэг тодорхой газруудад экологийн эрсдэл үүсгэж болзошгүй байна. Тиймээс хотын суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх шаардлагатай гэлээ.

Харин Улаанбаатар хотод хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон бөгөөд төвийн 7 дүүргийн хэмжээнд нийт 144,992 ширхэг нүхэн жорлон байна. Нянгийн бохирдол гадаргын болон гүний усыг бохирдуулах улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод их хэмжээний үер урсаж хөрсний бохирдол ихээр үүссэнийг иргэд хэлсээр байгаа юм.

Мөн иргэдийн зүгээс хөрсний бохирдлыг бууруулах талаар төр захиргааны байгууллага, нийт ард иргэд анхаарах шаардлагатай болсон гэдгийг хэлж байлаа.