Мотоциклийн осол хөдөө орон нутагт хамгийн их бүртгэгдэж байна

Өнгөрсөн онд манай улсад 64 хүн мотоциклийн ослоор нас барсан гэсэн тоо баримт байна. Эдгээр ослын 62 нь хөдөө орон нутагт харин үлдсэн 2 нь нийслэл хотод гарчээ. Үүнийг орон нутгийн иргэд мотоцикл унахдаа хамгаалалтын хэрэгсэл хэрэглэдэггүй, согтуугаар жолооддог, хурд хэтрүүлдэгтэй холбон тайлбарлаж байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн осол аваарт өртөн 195 хүн амиа алдсан байна. Үүнээс мотоциклийн ослын улмаас 40 хүний амь хохирчээ. Нийт ослын 90 хувь нь хөдөө орон нутагт буюу сум, алслагдсан багийн цагдаагийн хяналтгүй газар гарчээ. 

Хөдөө орон нутгийн иргэд мотоцикл унах нь элбэг. Учир нь өдөр тутмын амьдрал, мал аж ахуй эрхлэхэд тустай байдаг байна. Харин мотоциклийн хэрэглээний мэдлэг муу байна.

Урин дулаан цаг ирж мотоциклийн хэрэглээ нэмэгдэж байна. Иймээс авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар хянах нь чухал юм.