Их Британийн төмөр замын салбарын ажилтнууд сүүлийн 30 жилд байгаагүй томоохон ажил хаялт зарлажээ

Их Британийн төмөр замын салбар сүүлийн 30 гаруй жил дэх хамгийн том ажил хаялттай тулгараад байна. Тус улсын төмөр замын ажилтнууд цалинг нь царцааж, цомхотгож байгаад дургүйцлээ илэрхийлж байгаа төдийгүй 50 мянга гаруй ажилтан 6-р сарын 25-ыг дуустал ажил хаялт зарлажээ.

Энэ талаар Их Британийн Зам тээврийн сайд Грант Шэппс даваа гарагт төмөр замын ажилчдын ажил хаялтыг “том алдаа” гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, ажил хаялт нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулаад энэ нь тус салбарын асуудлыг шийдэх гарц биш гэжээ.

Их Британийн төмөр зам, далайн тээврийн холбооноос энэ нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд болж буй хамгийн өргөн цар хүрээтэй ажил хаялт болж байгааг мэдэгдсэн байна. Мөн тус улсын Үндэсний статистикийн газраас өнгөрсөн 5-р сарын эдийн засгийн мэдээллийг танилцуулсан бөгөөд хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсжээ. Энэ нь 1989 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Түүнчлэн төмөр замчдын ажил хаялт нь бусад салбарын ажилтнуудад нөлөөлж байгааг Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлжээ. Уг ажил хаялтын улмаас Лондон хотын төв метро өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоосон бол ачаа тээврийн галт тэрэгний сүлжээ мөн зогсжээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй удахгүй хэлэлцээний ширээний ард сууж асуудлыг нь шийдвэрлэх амлалтыг өгсөн байна.