Өнгөрсөн онд дэлхий даяар дүрвэсэн хүүхдүүдийн тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна

Өнгөрсөн онд дэлхийн даяар 37 сая хүүхэд мөргөлдөөн, хүчирхийлэл болон бусад хямралын улмаас дүрвэсэн нь дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас даваа гарагт мэдээлжээ. Тухайлбал 2021 онд дэлхий даяар 23 сая орчим хүүхэд мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас дотооддоо дүрвэж, 14 сая хүүхэд хилийн чанад руу дүрвэж мөн орогнол хүссэн байна.

Уг тайланд уур амьсгал, байгаль орчин, гамшгийн улмаас болон Украины дайны улмаас нүүлгэн шилжүүлсэн, дүрвэсэн хүүхдүүдийн тоог оруулаагүй гэдгийг онцолжээ. Тэгвэл нийт дүрвэсэн хүүхдүүдийн тал хувь нь бага сургуульд, 20 гаруй хувь нь дунд сургуульд суралцаж байгаа нь тэдгээр хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсрол, асран хамгаалах зэрэг дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлснийг тайланд онцолжээ. Тухайлбал, асран хамгаалах хүнгүй эсвэл гэр бүлийнхнээсээ тусгаарлагдсан хүүхдүүд хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй байна. Дэлхийн хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 28 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна.

Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 3 сая хүүхэд хилийн чанад руу дүрвэсэн бол 6 сая хүүхдийг дотоодод нь нүүлгэн шилжүүлээд байгааг НҮБ-аас мэдээлжээ. Украины дайнтай холбоотойгоор энэ онд уг үзүүлэлт өсөх төлөвтэй байгааг тус байгууллагаас онцолжээ.