ОХУ халдан довтолбол тулалдахад бэлэн байгаагаа Финланд улс мэдэгджээ

Финланд улс ОХУ-ын зүгээс газар нутагт нь халдан довтолсон тохиолдолд тулалдахаар олон жилийн өмнөөс бэлдсэн тул хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадна гэж тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн өчигдөр мэдэгджээ. Финланд улс зэр зэвсгийн хангалттай нөөцтэй байгаа төдийгүй ард иргэд нь ч эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байгааг генерал Тимо Кивинен онцолсон байна.

1940 оны үед Финланд улсын иргэд 1300 км урт зурвасаар хиллэдэг зүүн хөрштэйгөө хоёр удаа байлдаж байжээ. Олон жилийн турш төвийг сахих гадаад бодлоготой явсан Финланд улс нь Оросын арми Украинд халдан довтолсны дараагаар НАТО-д элсэх хатуу шийдвэр гаргаад байгаа юм.

Тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн “Бид Украинд өрнөж байгаатай ижил дайнд олон жилийн өмнөөс системтэйгээр бэлдсэн. Украин улс Оросын хувьд зажлахад хатуу хоол болж байгаа бол Финланд ч мөн адил байх болно” хэмээн мэдэгджээ.

ЗХУ-тай хийсэн хоёр удаагийн дайнд Финландын зуун мянга орчим иргэн амь үрэгдэж, газар нутгийнхаа 10 хувийг алдсан юм. 5.5 сая хүн амтай тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо 280 мянга бол бэлтгэгдсэн 870 мянган  цэргийн алба хаагчийн нөөцтэй юм байна. Европын олон орон дэлхийн 2-р дайны дараа хугацаат цэргийн албаны журмаа цуцалж байсан бол Финланд улс өнөөг хүртэл хэвээр хадгалж байгаа юм. 5-р сарын 18-нд Финландын Батлан хамгаалах яамнаас явуулсан санал асуулгад оролцогчдын 82 хувь нь тус улс гаднын халдлагаас өөрийгөө хамгаалах бүрэн чадвартай гэж үзжээ.