Украины дайнтай холбоотойгоор Казахстан-ОХУ хоорондын маргаан олон нийтэд ил болж байна

Өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын Санк-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Казахстан улсын Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев Украинаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ мэдэгджээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй зэрэгцэн сууж байгаад энэ талаарх байр сууриа илэрхийлсэн нь Украины асуудлаас үүдэн холбоотон хоёр улсын харилцаа хурцадмал түвшинд хүрчээ гэж шинжээчдийг үзэхэд хүргэжээ.  

Украины дайнтай холбоотойгоор Орос, Казахстаны харилцаанд далд зөрчил үүссэн нь тодорхой болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөхгүйгээ Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ил тод хэлсэн юм. Тэрбээр энэ үгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нэг тайзан дээр зэрэгцэн сууж байхдаа хэлжээ. Харин Владимир Путин хариуд нь Казахстаны ерөнхийлөгчийн нэрийг алдаатай хэлсэн байна. Өмнө нь тэрээр 1-р сард болсон Хамтын батлан хамгаалах гэрээний гишүүн орнуудын чуулганы үеэр Токаевын нэрийг “Кемел Жомартевич” хэмээн алдаж хэлж байжээ. Тэгвэл Путин энэ алдаагаа хоёр дахь удаагаа давтсан байна.

Мөн энэ долоо хоногоос эхлэн ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомт Казахстаны газрын тосны экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Далайд гарцгүй Казахстан улс уг боомтоор газрын тосоо гадаад зах зээлд гаргадаг. Сүүлийн 20 гаруй жил ашиглагдсан дамжуулах хоолой нь өдөрт 1.4 сая баррель хүртэл газрын тос дамжуулах хүчин чадалтай. Оросын тал Казахстаны экспортыг зогсоосон шалтгаанаа боомтын ойролцоо, тэнгисийн ёроолоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй мина олноор олдсонтой холбон тайлбарлажээ. Харин үүний дараагаар Казахстан улс өөрийн нутгаар дамжин өнгөрөх Оросын нүүрсний тээврийг зогсоожээ. Үүнийгээ Украины дайнаас үүдэн ОХУ-ын эсрэг тавьсан олон улсын хоригийг зөрчихөөс зайлсхийсэн шийдвэр гэж тайлбарлажээ. 

Хоёр улс хоорондын хөрөнгө оруулалт Украины дайнаас хойш бараг хоёр дахин буураад байгааг ОУ-ын хөрөнгийн биржүүд мэдээлжээ. Мөн хоёр улсын хооронд зорчиж буй иргэдийн тоо ч үлэмж хэмжээгээр буурсан байна.