Дэд бүтцийг шат дараатай хөгжүүлж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол инфляц өсөхгүй байсан

Өнөөдөр манай улсын инфляц 15.1  хувь болж өссөн байдалтай. Үүнийг хил гаалийн асуудлаас үүдэн бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн, үнийн хөөргөдөл бий болсонтой холбон тайлбарлаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд дотооддоо үйлдвэрлэх боломжтой зарим бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэд бүтцийг шат дараатайгаар шийдвэрлэсэн бол өнөөдөр инфляц энэ хэмжээнд хүрэхгүй байсан гэж эдийн засагчид үзэж байна.

6-р сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын мөн үеэс 3.8 хувиар өссөн байна. Худалдаа эрхлэгчдийн зүгээс сар бүрийн эхэн болоход л хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн ирж байна. Мөн иргэд мах, гурил, давс гэсэн гурван бүтээгдэхүүнийг л голлон худалдаж авч, борлуулалт муу байна гэсэн байр суурьтай байна. Иргэдийг дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлж чадвал үнийн асуудал цаашлаад худалдаа эрхлэгчдийн гол орлогын эх үүсвэр болж борлуулалт ч нэмэгдэнэ гэлээ. 

Манай улсын хувьд эдийн засгийг солонгоруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Тухайлбал хүнсний ногооны дотоод хэрэгцээг 100 хувь хангах хэрэгтэй. Дулааны улиралд хүнсний ногоо тариаланчид тэр бүр зориулалтын газар борлуулалт хийж чаддаггүй. Тиймээс борлуулалтын нэгдсэн систем болон хүйтний улиралд хадгалах шаардлага хангасан зоорины асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм байна.

Дэлхийн банкнаас танилцуулсан “Монголын эдийн засгийн тойм”-д  хүнс, шатахуун, хатуу түлш болон импортын барааны үнийн өсөлт инфляцийг голлон бүрдүүлж байгааг онцолсон. Тодруулбал энэ оны 5 дугаар сард инфляц 15.1 хувь хүртлээ хүнсний бүлэг тэр дундаа хүнсний ногооны өсөлт 35.1 хувиар нөлөөлжээ. Мөн бензин шатахууны үнэ жилийн 62.0 хувь хүртэл өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хил гаалийн асуудалтай холбоотойгоор ирэх саруудад ч мөн инфляц буурахгүй байх хандлагатай байна.