МХЕГ-аас энэ хавар 2 сарын хугацаанд шалгалт хийж, нийслэлд 78 барилгын ажлыг зогсоожээ

Барилгын талбайд өргөх байгууламжийг ашиглах тухай нийт есөн дүрэм манай улсад мөрдөгддөг. Гэвч аж ахуй нэгж байгууллагуудын хяналтад хэрэглэгдэж байгаа өргүүрүүд буюу краны аюулгүй байдал алдагдаж осол аваар гарсаар байна. 

Улсын хэмжээнд ашиглагддаг крануудад  барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрлийг өгч ажиллуулдаг байна. Харин одоогийн байдлаар барилга хот байгуулалтын яамнаас тусгай  зөвшөөрлөө аваад байгаа 200 аж ахуй нэгж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 100 аж ахуй нэгж байгууллага байна. Манай улсад хэрэглэгдэж байгаа өргүүрүүдийг нийт есөн дүрмийн дагуу ашиглах ёстой. Барилгын компаниуд бүтээн байгуулалтын явцдаа эдгээр дүрмүүдийг хараахан мөрдөхгүйгээр ажилласаар байна. Үүний нэг жишээ нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  баригдаж байгаа барилгын ажлын талбайд 50 тонны даацтай кран унасны улмаас хоёр хүн амиа алдсан хэрэг явдал юм. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтжээ. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын газраас барилгын талбайн ажилд шалгалт хийгээгүй.Учир нь төлөвлөгөөт хяналт шалгалт халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбоотой түр зогсоод байсан гэлээ. Харин энэ онд уг шалгалтыг 4 сарын 10-аас 6-р сарын 10-ны хооронд буюу хоёр сарын хугацаанд хийсэн. Барилгын үйл ажиллагаа хийгдэж байгаа болон ашиглагдаж байгаа барилгуудад эрсдэл өндөртэй газруудыг түүвэрлэх аргаар шалгалт хийжээ. Уг шалгалтаар олон зөрчил илэрч нийслэл хотод 78 барилгын үйл ажиллагааг зогсоосон бол орон нутагт 24 барилгыг зогсоогоод байна. Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг орчимд баригдаж байгаа барилгын  ажлын талбайд осол гарахаас өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийсэн байна.

Краныг байрлуулах ажил нь тухайн барилгыг захиалагч болон гүйцэтгэгч компанийн хариуцах ёстой үйл ажиллагаа гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас хэлж байна. Барилгын талбайд гарсан ослын асуудлаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг осолдсон краныг хувь хүн хариуцдаг байсан гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгч байна.