Дэлхий даяар хоол тэжээлийн дутагдлаар 8 сая гаруй хүүхэд амиа алдах эрсдэлтэй байна

Хоол тэжээлийн архаг дутагдлын улмаас таваас доош насны найман сая орчим хүүхэд нас барах эрсдэлтэй байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сан пүрэв гарагт мэдээлжээ. Тэдгээр хүүхдийн дийлэнх нь хоол хүнс, эмнэлгийн тусламж дутагдалтай байгаа Афганистан, Этиоп, Хаити, Йемен зэрэг 15 улс оронд амьдарч байна.

Хоол тэжээлийн архаг дутагдлаас үүдэн дархлааны тогтолцоо сулардаг бөгөөд энэ нь таваас доош насны хүүхдүүдийн нас барах эрсдэлийг бусад хүүхдүүдийнхтэй харьцуулахад ойролцоогоор 11 дахин нэмэгдүүлдэг байна. НҮБ-ын хүүхдийн сангийн тайланд дурдсанаар, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүүхдийн тоо 2022 оны эхэн үеэс хойш 260 мянгаар нэмэгджээ. Энэ онд Украины дайнаас гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачгийн улмаас улс орнуудад хүнсний үнэ нэмэгдээд байгаа. Мөн улс орнуудын эдийн засагт “Ковид-19”-ийн халдвараас үүдэж буй нөлөөлөл нь хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, дээрх хямралыг зохицуулахад 1.2 тэрбум ам.долларын багц тусламж шаардлагатай байгаа юм байна. Тус байгууллагын тэргүүн Кэтрин Рассел хэлсэн үгэндээ, дэлхий дахинд хойшлуулах цаг хугацаа байхгүй гэдгийг тодотгоод, Германд уулзалдах “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдад  хоол тэжээлийн архаг дутагдлын улмаас нас барах эрсдэлтэй байгаа таваас доош насны найман сая орчим хүүхдийн амь насыг аврах боломж байгааг онцолжээ.