Манай улсад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн зөрчил буурахгүй байна

Хүний эрхийн үндэсний комисст энэ оны эхний зургаан сарын байдлаар эрүү шүүлттэй холбоотой гурван гомдол, санал иржээ. Гэвч өнөөдрийн байдлаар тэдгээрийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Ялангуяа цагдан хорих төвүүд, төвлөрсөн хорих ангиудад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хүрээнд эрүүдэн шүүлтийн асуудал их гардаг талаар хэлж байна. Үүнтэй холбоотой цөөн тоон мэдээллийг хүргэе.

  • Прокурорын байгууллагад 2016 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй нийт 54 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс 10 гомдол, мэдээлэл буюу 18.5 хувьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
  • 2017 онд дээрх тоо өссөн бөгөөд  прокурорын байгууллага эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй нийт 82 гомдол, мэдээлэл хүлээн авсан тоо баримт байна. Үүнээс 6 гомдол, мэдээлэл буюу 7.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна
  • Харин 2018 онд дээрх тоо багассан байна. Нийт 69 гомдол, мэдээлэл ирснээс 22 гомдол, мэдээлэлд  хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, 46-д нь буюу 66.7 хувьд нь хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ
  • Тэгвэл 2021 онд эрүү шүүлт тулгасан тухай гэмт хэргийн талаарх 53 гомдол, мэдээлэлд прокурорын байгууллага хяналт тавьж ажилласан байна. Үүний 26 буюу 49 хувьд нь хэрэг бүртгэлт нээн шалгуулжээ. 

Эдгээр тоо баримтаас харахад манай улсад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн зөрчил буурахгүй байна гэж холбогдох албаныхан хэлж байна.

2021 оны хэрэг бүртгэлт явуулсан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.9 хувиар, хаасан хэрэг 58.1 хувиар тус тус буурсан бол яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг ижил түвшинд байжээ.

Монгол улс прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаа татан буулгасан. Тэгвэл энэ төрлийн өөр албыг байгуулах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

Харин иргэд эрүүдэн шүүх гэмт хэргийн золиос болсон, энэ төрлийн гэмт хэргийг мэдсэн бол хуулийн байгууллагад хамгийн түрүүнд мэдээлэх үүрэгтэй. Харин хуулийн байгууллагад энэ төрлийн хэргийн талаар мэдүүлэг өгөх тохиолдолд өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаас өмнө мэдүүлэг өгөхгүй байх нь хувь хүний олон улсын гэрээгээр хамгаалагдсан эрх юм байна.