Ши Жиньпин цар тахал эхэлснээс хойш анх удаагаа айлчлал хийнэ

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ирэх лхагва гарагт Хонконгийг эх газарт нэгтгэсний 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор болсныг тус улсын төрийн төв хэвлэл ням гарагт мэдээлжээ. Тэрбээр цар тахал эхэлсэн цагаас хойш Хятадын эх газраас гадагшаа айлчлал хийгээгүй байгаа юм. 

Хятадын төрийн өмчит “Шиньхуа” агентлагийн мэдээлснээр “Хонконгийг эх газрын Хятадад буцаан нэгтгэсний 25 жилийн ойн арга хэмжээ болон Хонконгийн засаг захиргааны тусгай бүсийн зургаа дахь захирагчийн тангараг өргөх ёслолд Ши Жиньпин биечлэн оролцоно” хэмээн мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Хонконгийн эрх баригчид Ши Жиньпиний айлчлалд бэлдэж эхэлсэн байна. Тус хотын засаг захиргааны албан тушаалтнуудыг өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаргаас эхлэн олон нийтээс тусгаарлажээ. Тэднийг зөвхөн гэр ажлынх нь хооронд зорчуулахдаа тусгай автомашинаар үйлчилж, баярын өмнөх шөнө зочид буудалд тусгаарлахаар  болсон байна. Хэдийгээр Хонконгийн вакцинжуулалтын хувь өндөр, өвчлөл буурч байгаа ч эх газрын Хятадын нэгэн адил “Тэг Ковид” хатуу бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.