АНУ-ын Дээд шүүхээс үр хөндөлтийг зөвшөөрсөн хуулийн заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ

Энэ сарын 25-нд АНУ-ын дээд шүүх  үр хөндөлтийг үндсэн хуулиар олгогдсон эрх биш хэмээн үзэж хориглох болон зөвшөөрөх эсэхийг муж улсуудын хууль тогтоогч нар бие даан шийдвэрлэх захирамжийг гаргажээ. Ингэснээр сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд нэгдсэн улс даяар хэрэгжиж байсан үр хөндөлтийг зөвшөөрсөн хуулийн заалтыг хүчингүй болгосон гэсэн үг юм. Улмаар тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд болон эмэгтэйчүүд Дээд шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж эхлээд байна. 

АНУ даяар охид, эмэгтэйчүүд жагсаж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөснөөр үр хөндөлтийг 1973 онд хуулиар зөвшөөрсөн байдаг. Харамсалтай нь АНУ-ын дээд шүүх энэ сарын 25-ны өдөр үр хөндөлтийг үндсэн хуулиар олгогдсон эрх биш гэж үзэн муж улсуудын хууль тогтоогчдод бие даан шийдвэр гаргах эрхийг нь өгсөн байна. Улмаар АНУ-ын 26 муж улсад үр хөндөлтийг хуулиар хориглохоо мэдэгдэж, 13 нь аль хэдийн шийдвэрээ гарган, энэ 7 хоногоос албажуулжээ. Уг шийдвэрээс харахад АНУ даяар үр хөндөлтийг албан ёсоор хориглож байгаа гэж иргэд нь үзэж байна. Уг шийдвэр нь нэгдсэн улсын нөхөн үржихүйн насны 36 сая эмэгтэйн амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц чухал үр дагавартай байна. АНУ-ын Консерватив үзэл баримтлалтай Бүгд Найрамдах намыг дэмжигчид болон эрх баригчид уг шийдвэрийг талархан хүлээж авч байгаа бол Ардчилсан ерөнхийлөгч Жо Байден “аймшигтай алдаа” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Дээд шүүх уг шийдвэрээ эргэн харж, цуцлахыг уриалжээ.

Нөхөн үржихүйн эрх нь АНУ-д 60, 70-аад онд өрнөсөн феминист давлагааны нэг чухал хэсэг байсан. Тухайн үед эмэгтэйчүүд хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэж, хувьсгал хийхдээ ажлын байрны тэгш эрхээс гадна өөрийн биеэ өөрөө мэдэх эрхийг давхар эрх баригчдаас шаардсан байдаг. Үүний үр дүнд хүчинд автсан эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн хүүхдийг төрүүлж дахин хохирохоос хамгаалагдаж, хүсээгүй жирэмслэлт, насаараа гэр бүлийн хүчирхийлэлд амьдрахаас хуулийн дагуу хамгаалагдсан байна. АНУ-д эмэгтэйчүүдийн 1963-1973 оны хооронд өрнүүлсэн тэмцлийн ачаар тэд жирэмслэлтээс хамгаалах эмийг хэрэглэх, эрэгтэйчүүдтэй ижил цалин хөлс авах, боловсролыг тэгш хүртэх зэрэг эрхүүдийг олж авсан төдийгүй уг тэмцлийн ачаар дэлхийн 80 гаруй улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, хуульдаа өөрчлөлт оруулж байжээ. Зөвхөн нэг улсад болж өрнөсөн тэмцлийн дараа дэлхийн нийт улс орнуудын бараг тал хувь нь жендерийн тэгш эрхийн асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн байна. Ийнхүү 1973 оноос АНУ-д үр хөндөлтийг хуулиар зөвшөөрч эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулж чаджээ. Харин тус улсын дээд шүүх уг шийдвэрийг бүгд найрамдах намын эрх баригчдын засагладаг муж улсуудын хууль тогтоох эрх мэдэлтнүүдэд шилжүүлсэн нь дахин эмэгтэйчүүдийн эрхийг эрэгтэйчүүд шийдвэр гарган хориглох боломж бүрдсэн нь шүүмжлэл дагуулж, тус улс даяар олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргээд байна.