Орон нутгийн иргэдийн 77 хувь нь хүнсэндээ хуванцар сав хэрэглэж байна

Зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа ахуйн хэрэглээний савны 44.9 хувь нь хуванцар сав байна. Энэ нь иргэд зориулалтын бус хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүнээ савлах, хадгалах, тээвэрлэх, нөхцөлийг бүрдүүлсээр байгаа  юм. 

  • Монгол улс сав, баглаа боодлын нийт хэрэглээний 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 хувийг импортоор хангаж байна.
  • 2020-2021 он болон 2022 оны эхний хагас жилийн байдлаар хуванцар болон хуванцрын гаралтай савнуудыг БНХАУ, БНСУ, АНУ, Польш, ОХУ, ХБНГУ, Вьетнам, Япон, Австрали, Итали, Их Британи зэрэг улсаас импортолсон байна. Тэдгээрээс 97.1 хувийг БНХАУ-аас импортолж байна.
  • Хуванцар сав болон бүтээгдэхүүнийг төрлөөр нь авч үзвэл хүнсний зориулалттай 60 хувь, лабораторийн зориулалттай 34 хувь, ахуйн хэрэглээний зориулалттай 2,5 хувь, эмнэлгийн хэрэгслийн зориулалттай нь 2 хувь, гоо сайхан, хүүхдийн хэрэглэл, химийн болон техникийн зориулалттай хуванцар сав 4 хувь тус тус эзэлж байна.
  • Тэгвэл хуванцар саванд сүү, цагаан идээг зөөвөрлөж байгаа болон хадгалж байгаа байдлаар нь авч үзвэл нийслэлийн иргэдийн 50 хувь нь, харин орон нутгийн иргэдийн 77 хувь нь хуванцар сав хэрэглэж байна. 

НЭМХ-ийн 2021 оны судалгаагаар 829 өрхийн 78.1 хувь нь  нийслэлд , 50.4 хувь нь орон нутагт тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий, угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэдэг байсан бөгөөд ус зөөж, хадгалдаг савны ариун цэвэр нийт өрхийн 53,4 хувьд нь дунд зэрэг гэсэн үнэлгээ гарсан байна. 2022 оны судалгаанд хамрагдсан өрхүүд дунджаар 3-4 ширхэг 20-100 литрийн зориулалтын бус хуванцар сав хэрэглэж байсан бөгөөд улсын хэмжээнд хуванцар савыг бусад төрлийн савтай харьцуулахад 2 дахин илүү ашиглаж байгааг тогтоосон байна.

Хуванцар савны дийлэнх нь хорт хавдар үүсгэгч формальдегид, бисфенол а, стерин зэрэг бодисуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь хүний биед харшил үүсгэх, архаг хууч өвчин ба хавдар үүсгэх, ялангуяа бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс иргэд ус зөөвөрлөх болон цагаан идээ зөөвөрлөх, хадгалах саваа сонгохдоо уламжлалт модон сав болон бетонон сав ашиглах нь чухал байна.